
Монголын махны холбоо болон нөөцийн мах бэлтгэгч зарим компаниуд өнөөдөр нөөцийн махны асуудлаар мэдээлэл хийлээ. Монголын махны холбоо НЗДТГ-тай хамтран 2003 оноос хойш нөөцийн махыг иргэдийн хэрэгцээнд зориулан бэлтгэж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд 12 мянган тонн махыг бэлтгэсэн юм. Нөөцийн махны худалдааг өнгөрөгч сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаалсан бөгөөд өнөөдрийн байдлаар 1300 тонн махыг иргэдэд худалдаалжээ.
Компаниуд нөөцийн үхрийн махыг 3700, хонь 3200, ямааныхыг 2600 төгрөгөөр борлуулж байгаа ч цагаан сарын дараа энэ үнэд өөрчлөлт оруулна гэж мэдэгдлээ. Учир нь мах бэлтгэгч компаниуд энэ жил нөөцийн 12 мянган тонн махыг бэлтгэхэд үйлдвэрлэгч компаниуд 45-50 тэрбум төгрөгийг гаргаж бэлтгэсэн гэнэ. Гэтэл энэхүү махыг жижиглэн үнээр зарахад зардал их гардаг бөгөөд хонины нэг кг мах бэлтгэхэд бүх өртөг зардал нь 3729 төгрөг болдог аж. Гэтэл зах зээлд нийлүүлэхдээ 3200 төгрөгөөр худалдан алдагдалд орж байгаа бол нөөцийн мах бэлтгэхэд нь улсаас зориулж олгодог мөнгө нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй гэнэ.
Мөн энэхүү нөөцийн махны үнийг өсгөх тухай асуудал нь бензиний үнэтэй огтхон ч хамаагүй. Бензиний үнэ өсөхөөс өмнө нөөцийн махыг бид бэлдсэн байсан гэдгээ мэдэгдэв. Харин нөөцийн махны чанарын хувьд энэ оны мах харьцангуй сайн байгаа ч иргэдийн хэрэгцээг 100 хувь хангаж чадахгүй байна.
Гэхдээ нөөцийн махны өргөтгөсөн худалдааг цагаан сарын өмнө дахин хийснээр иргэд цагаан сарынхаа бууз баншны махыг бэлтгэх боломжтой гэв.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ