Тооллогын дүнд үндэслэсэн сэдэвчилсэн судалгаанууд гарчээ

img

Огноо: [ 2012-02-01 18:43:00 ]
image  Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнд үндэслэн холбогдох сэдвийн хүрээнд улсын болон аймаг, нийслэлийн түвшинд нийгэм, эдийн засгийн байдалд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийг тодорхойлох, цаашид улс орны хөгжлийн төлөвлөлт, бодлого боловсруулахад шаардлагатай зөвлөмж, тоон мэдээллийн эх үүсвэр бий болгох 12 төрлийн сэдэвчилсэн судалгааны ном хэвлэгдэн гарлаа...
Боловсрол, бичиг үсгийн мэдлэг Хүний хөгжлийн үндсэн үзүүлэлтийн нэг болсон хүн амын боловсрол, бичиг үсгийн мэдлэгийн түвшингийн өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийг манай улсын, нийгэм, эдийн засгийн сүүлийн 30 орчим жилд гарсан өөрчлөлттэй уялдуулан үндэсний болон аймаг, нийслэлийн түвшинд тодорхойлсон. Судалгаанд хүн амын боловсролын түвшинг нас, хүйс, яс үндэс, эдийн засгийн идэвх, сургуулийн насны хүүхдийн сургуульд хамрагдалт зэрэг гол гол үзүүлэлт, тэдгээрийн өөрчлөлт, төлөв байдлыг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлтэй холбон үнэлэлт дүгнэлт өгч, товч тодорхой тусгасан.
  Шилжих хөдөлгөөн, суурьшил Шилжих хөдөлгөөн нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хүн амын тоо, бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлтөд голлон нөлөөлдөг хүчин зүйл юм. Сүүлчийн 20 гаруй жилд хүн амын дотоод, гадаад шилжих хөдөлгөөн эрчимжиж, аймаг, нийслэл, бүс нутгийн хүн амын тоо, бүтцэд ихээхэн өөрчлөлт гарсан төдийгүй нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөөлж байгааг улс, аймаг, нийслэл, бүс нутгийн хэмжээнд нарийвчлан судалсан.
Өндөр настан Монгол Улсын өндөр настны хүн ам зүй, эдийн засгийн идэвх, нийгэм, эдийн засгийн байдал, орон сууцны нөхцөлд сүүлийн 10-20 жилд гарсан өөрчлөлт, нөлөөлсөн нийгэм, эдийн засгийн хүчин зүйлийг улс, аймаг, нийслэлийн хэмжээнд тодорхойлсон. Энэ үндсэн дээр өндөр настны талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ өгч, цаашид баримтлах бодлогын чанартай санал, зөвлөмж гаргасан.
Өрх, гэр бүлийн байдал Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнд үндэслэн хийж байгаа сэдэвчилсэн судалгаануудын нэг нь "Өрх, гэр бүлийн байдал " гэсэн судалгаа юм. Энэхүү сэдэвчилсэн судалгаанд Монгол Улсын өрхийн тоо, бүтэц, ам бүлийн тоо, түүнд гарсан өөрчлөлт, хүн амын гэрлэлтийн өнөө үеийн төрх байдал, сүүлчийн жилүүдэд гарсан өөрчлөлт, тэдгээрт нөлөөлсөн хүчин зүйлийг тодорхойлсон.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд" сэдэвчилсэн судалгаанд Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүн ам зүй, нийгэм эдийн засгийн болон ахуйн нөхцөлийн үзүүлэлтийг цогцоор судлан тодорхойлж, цаашид анхаарах бодлогын асуудлыг тодруулан тусгасан.
Жендерийн тэгш байдал Энэхүү судалгаанд Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын үр дүнд үндэслэн хүн амын нас, хүйсийн бүтэц, өрх гэр бүл, боловсрол, ажил эрхлэлт дэх хүйсийн ялгаатай байдлыг илрүүлж, түүнд тулгуурлан зарим дүгнэлт, бодлогын чанартай санал дэвшүүлсэн.
Орон сууцны ахуйн нөхцөл Өрх, хүн амын орон сууцны төрөл, нөхцөл, дэд бүтцийн хангамж, хүрэлцээ үүний дотор мянганы хөгжлийн зорилтуудын зарим шалгуур үзүүлэлтүүд тодруулбал, хүн амын ундны усны эх үүсвэр, орон сууцны ариун цэврийн нөхцөл зэрэг бүхий л үзүүлэлтийг улс, аймаг, нийслэл, бүс нутгаар тодорхойлж, харьцуулан судалсан.Түүнчлэн өрх, хүн амын орон сууцны хүрэлцээ хангамж, тохилог сууц, том, жижиг сууцны тусдаа байшин, нийтийн байр, үндэсний уламжлалт сууц гэрт оршин суудаг өрх тэдгээрийн ам бүлийн гишүүдийн ахуйн нөхцөл зэргийг иж бүрнээр нь оруулсан.
Гар утас, интернэт хэрэглэгч: Тоо бүтэц Судалгаанд нь Монгол Улсын хүн амын гар утас, интернетийн хэрэглээний өнөөгийн түвшин, нөлөөлөх хүчин зүйлс, хамаарлыг тодорхойлж гар утас, интернет хэрэглэгчийн талаар цаашид төр, засгаас баримтлах бодлого зөвлөмж боловсруулахад ашиглах шаардлагатай мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлсэн.
Хүүхэд, залуучууд Хүүхэд, залуучууд нь хүн амын доторх хамгийн идэвхтэй бөгөөд өөрчлөмтгий хэсэг бөгөөд тэдний тоо, бүтэц, байршил нь хүн амын төрөлт, нас баралт үүний дотор нялхсын болон хүүхдийн нас баралтын үе үеийн түвшин, шилжих хөдөлгөөнтэй нягт уялдаатайгаар өөрчлөгдөж байдаг. Иймээс судалгаанд хүүхэд, залуучуудын тооны өөрчлөлт, гэрлэлт, боловсролын түвшин, ажил эрхлэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэж, түүндээ тулгуурлан зарим дүгнэлт, бодлогын чанартай санал дэвшүүллээ.
Эдийн засгийн идэвх Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын үр дүнд үндэслэн Монгол Улсын хүн амын эдийн засгийн идэвх, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийн тодорхой цаг хугацааны өөрчлөлтийг тодорхойлж, дүн шинжилгээ хийн, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэсэн төрийн бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхөд шаардлагатай мэдээллийн эх үүсвэрийг буй болгосон.
Мянганы хөгжлийн зорилтын зарим үзүүлэлтүүд Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын үр дүнд үндэслэн статистик мэдээллийн бодит байдлыг хангах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн өсөн нэмэгдэж байгаа олон талт хэрэгцээг хангах зорилгоор МХЗ-ын хэрэгжилтийг хянах зарим үзүүлэлтүүдийг тооцон, хэрэгжилтийн явцыг харуулж, санал, дүгнэлт өгснийг энэхүү судалгаагаар танилцуулж байна.
Гадаадад оршин суугаа монгол улсын иргэд Хүн ам орон сууцны тооллогын үр дүнд үндэслэн гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаанд ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэний тоо, нас, хүйсийн бүтэц, нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээллийг боловсруулан, цаашид төр засгаас гадаад шилжих хөдөлгөөний талаар баримтлах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах үндэслэл болох чухал мэдээллийг энэхүү судалгаанд харуулжээ.
‹‹ БУЦАХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ