Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 97,5 хувьтай байжээ

img

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Нийслэлийн Засаг даргын тамгийн газрын Цэргийн штабын дарга хурандаа Ж. Болдбаатар, Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга хурандаа Ч. Намсрайжав нар мэдээлэл хийв. Өнгөрсөн нэгдүгээр сарын 4-22-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэх ажил нийслэлд болж өнгөрлөө. 2012 оны цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг засаг захиргааны анхан шатны нэгж 152 хороодод зохион байгуулжээ. Бүртгэл 97,5 хувьтай байсан байна. Үлдсэн 3914 хүнийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан бүртгэлд хамруулна гэж НЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ж. Болдбаатар нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр танилцуулав. Энэ жилийн бүртгэлийн үр дүнд цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн санг дүүрэг, хороодод сууриулсан байна. Энэ нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Цахим Улаанбаатар” дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил болж байна. Цаашдаа дүүргүүдийн Цэргийн штаб хороодод бүртгэлийг цахим хэлбэрээр явуулах боломж бүрдсэн байна. Түүнчлэн зам тээврийн осол гэмтлийн дуудлага ихэсчээ. Ялангуяа халтиргаа гулгаанаас болж том оврын автобуснуудын дунд суудлын жижиг тэрэг хавчуулах явдал гарсан байна. Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Замын цагдаагийн газрын дэд дарга хурандаа Ч.Жаргалсайхан мэдээлэл өгөв. Том оврын автобуснууд ноцтой аваар гаргасан тул Замын цагдаагийн газар нийтийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй компаниудад шалгалт хийжээ. Халтиргаа гулгааг арилгуулах ажлын хэсэг байгуулагдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ