
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаанаар барилгын хог хаягдлыг цэгцлэхээр журам гарчээ. Ихэнх барилгын компаниуд хог хаягдлаа ил задгай асгадаг.
Тиймээс барилгын хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хаядаг болох эрхзүйн орчинг бүрдүүлэх үүднээс журам баталж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд жилд 400 мянган тонн хог хаягдал гардгаас үүний 60 мянган тонн нь барилгын хог хаягдал эзэлдэг байна. Туул голын эрэг, жалга, гэр хорооллын дундах гудамж, зам дагуу үүссэн хогийн цэгүүдийн ихэнх нь барилгын хог хаягдал аж.
Одоогоор нийслэлийн эргэн тойронд 80 мянган тонн барилгын хог хаягдал хуримтлагдсан гэсэн тооцоо байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт гэхэд, XIII хороо, Шувуун фабрик, Шинэ суурьшлын бүс, Говь" ХХК-ийн баруун тал, "ДЦС-IV” урд тал гээд маш олон газар хогийн цэг бий болжээ. Шинээр батлах захирамжаар барилгын компаниуд хогоо "Нарангийн энгэр", "Морингийн даваа"-ны хогийн цэгт хаяж байх гэнэ.
Хэрвээ журмын дагуу ажиллаагүй бол тухайн барилгыг улсын комисс хүлээж авахгүй байх аж. Улсын болоод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын компаниудыг хог хаягдлаа төвлөрсөн цэгт хаясан эсэхэд нь хяналт тавьж, заавар зөвлөгөө өгч байхаар заажээ. Цаашдаа зөвхөн барилгын хог хаягдлыг авдаг төвлөрсөн хогийн цэг байгуулахаар төлөвлөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ