Тэд таньтай л адил хүн
Идэр есийн хүйтэн ид тачигнасан өвлийн өдрүүдэд Цагдаа, түргэнийхэний яаралтай дуудлагад орон гэргүй иргэд болон, гудамжинд унасан гэх хүмүүсийг аврах ажил нэмэгдэх болоод уджээ. Өнгөрөгч бямба гаригийн 20.00 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр буюу ХХААХҮЯ-ны урд, хойд хоёр буудал дээр нэг, нэг согтуу хүн хөлдсөн байдалтай хэвтэж байсан юм. Дээрх хүмүүсийн тухай мэдээллийг Цагдаагийн 102 дугаарт мэдэгдсэнээс 10 минутын дараа цагдаагийн болон түргэнийхэн дуудлага өгсөн газарт ирсэн. Хойд талын автобусны буудлын хажууд хэвтэж байгаа хүн нь согтуу унтаж байна хэмээн Цагдаагийн ажилтан хэлж байсан. Харин урд талын буудлын орчим хэвтэж байгаа хүн нь орон гэргүй нэгэн бөгөөд цагдаа түргэнийхэн түүнийг хөлдөлтийн байдалтай байна гэж дүгнэсэн.
Энэ бол нийслэлийн үдэш бүр Цагдаа түргэнийхэнээс өөр хэн ч тоож анхаардаггүй, тэднийг харсан ч хараагүй мэт хажуугаар нь өнгөрсөөр нүдэнд дасал болсон үзэгдэл. Цагдаагийн ажилтны хэлж буйгаар өвлийн хүйтэнд гудамжинд согтуу унасан хүмүүсийн дийлэнх нь орон гэргүй иргэд байдаг. Ямар ч тохиолдолд шууд эрүүлжүүлэх байранд хүргээд өгч болдоггүй. Түргэнийхэн ирж шалгасаны дараа эрүүлжүүлэх үү, эмнэлэг үү гэдгийг шийддэг. Заримдаа замын ачааллаас болж ирэхгүй уддаг. Гэтэл энэ маягаар хэвтэж байгаа хүн маань хөлдсөн тохиолдол ч бий. Гэтэл согтуу хүн хөлдөөсөн хэрэгт бид давхар буруудах үе хааяа гардаг. Бид гудамжинд хэвтэж байгаа хүнд анхны тусламж үзүүлэх ямар ч аргагүй, машин унаагүй, ойрхон дулаан газарт оруулая гэвэл зөвшөөрөх хүн ч байдаггүй гэдгийг эргүүлийн цагдаа нар хэлж байсан. Тэдний нэр, албан тушаалыг мэдэхийг хүссэн ч бид хийх ёстой ажлаа л хийж байгаа болохоор хэрэггүй биз дээ гэж татгалзсан юм. Харин гудамжинд, хаана ч тэр хэн нэгэн согтуу хэвтэж байвал иргэнийхээ үүргийг биелүүлээд 102 дугаарын утсанд залгаж мэдээлэл өгч байхыг ард иргэдээс хүсч байна. Согтуу ч гэсэн тэр хүн таньтай адил монгол улсын иргэн гэдгийг мартах учиргүй гэдгийг сануулсан юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ