ЯТТ-ийн “яст мэлхий шиг” үйлчилгээг сайжруулаад өгөөч, шинэ сайдаа

img

Нийслэл хотод тулгамдсан асуудал зөндөө бий. Ялангуяа өвлийн цагт хүүхэд багачууд ханиад томуу тусч, өвдөж зовоохын хирээр түргэний эмчийг дуудах “хэцүүхэн” даваатай учирдаг.  Гэвч түргэн тусламжийн үйлчилгээний хүртээмж муутай байдгаас хүссэн хүн бүр эмчийг гэртээ авчраад байх боломжгүй болжээ. Өнгөрсөн долоо цэцэрлэгт сурдаг бяцхан охин маань ханиад хүрээд өрхийн эмчийн зааж зөвлөсөн эм, эмчилгээний заавар зэргийг ягштал мөрдсөн ч ханиад нь эдгэсэнгүй. Бямба гаригийн орой 38.6 хэм хүрч халуураад эхэлсэн тул түргэний эмчид үзүүлж, шаардлагатай бол охиноо эмнэлэгт хэвтүүлж эмчилэхэд ч бэлэн байв. Харъяалалын дагуу Баянзүрх дүүргийн хүүхдийн түргэний 70150052 дугаар луу 20 гаран минут залгасны  эцэст оператортой холбогдов. “Байна уу, дуудлага өгөх гэсэн юм. Хүүхэд 38 хэм хүрч халуураад байна” гэвэл “Ханиад уу, хоолой нь улайсан байна уу. Очиж амжихгүй, түргэний ганц тэрэг л гадуур явж байгаа. Ачаалал их байна. Би чамд эмчилгээ зааж өгнө. Хэрэв халуун буурахгүй бол маргааш өдөр дуудлага өгч болно” хэмээн хэдэн эмийн нэр дуржигнатал хэлж өгөөд утас “дийд дийд” дуугарсаар таг боллоо. Хүүе гэхийн завдалгүй утас тасарч, хүүхдийнхээ халууныг яаж буулгаж, ханиадыг нь намдаах аргыг тогтоож амжаагүй тул өөртөө л найдсан. Хэдийгээр ханиад томууны ид оргил үе байж болох ч хэрэв хүүхэд минь өөр өвчний улмаас ингэж халуурсан бол хэцүүдэх юм байна даа гэж нэг хэсэгтээ л гомдолтой санагдсанаа нуух юун.

Ер нь сүүлийн жилүүдэд нийслэл хотын Яаралтай түргэн тусламжийн дуудлагын тоо жил ирэх тусам нэмэгдэж буй. Тиймээс Түргэн тусламжийг сайжруулж, иргэдэд түргэн шуурхай, гомдол чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхийг хичээж ирсэн ч техник тоног төхөөрмжийн хүрэлцээ хангамж хаанаа ч хүрдэггүй гэдгийг  албаныхан онцолдог. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хүлээн авсан нийт дуудлагын 76 хувь нь 20 минутаас дээш хугацаагаар хүлээгдэж байна. Эмнэлгийн түргэн тусламжийн салбарт 700 гаруй хүн ажилладгийн 400 орчим нь их эмч, бага эмч, сувилагч,  300 гаруй нь жолооч. Олон улсын жишгээр 10 мянган хүн тутамд түргэн тусламжийн нэг баг үйлчилдэг бол Улаанбаатар хотод Түргэн тусламжын үйлчилгээ үзүүлэхэд өдөрт ердөө 40 хүрэхгүй автомашин  л байдаг аж.  Түргэний автомашинууд нь эмнэлгийн яаралтай тоног төхөөрөмж суурилуулсан, зориулалтын гэхээсээ илүүтэй өвчтөн суулгаад явахад нэмээд өвчин авчихмаар  “муухан” тэрэг  байх нь энүүхэнд.  Харин Баянзүрх дүүргийн хувьд 56 мянга гаруй өрхийн 235 мянга гаруй хүн амтай томоохон дүүрэг хэмээн 2010 онд Түргэн тусламжийн төвийг байгуулж, 60 ажилтан, зургаан автомашинтай үйл ажиллагаа нь эхэлсэн. Гэвч түргэнийн машин хүрэлцээгүйгээс өвчтөнийг очиж үзэж чадахгүй гэдгээ хэдэн хүнд хэлж, ямархан гомдол, харуусал дагуулж суугаа бол. Ер нь ЯТТ –ийн үйлчилгээний талаар иргэдийн гомдол, санал хүсэлтийг дурьдан гэвэл нилээдгүй цаг зарцуулах вий.  Энэ жил Эрүүл мэндийн яамнаас "Эмнэлгийн үйлчилгээг сайжруулах жил" болгон зарласан. Тиймээс зөвхөн Баянзүрх дүүрэг ч гэлтгүй нийслэл хотын иргэдэд эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг  автомашиныхаа тоог нэмэгдүүлж, ЯТТ-ын “яст мэлхий шиг” үйлчилгээг сайжруулаад өгөөч, Эрүүл мэндийн шинэ сайд аа... П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Удвал сайдад:
дуудлагын машин эвдэрсэн, өөр машин дахин ирлээ гэсээр өглөө 5 цагт өгсөн дуудлаг маань 9 цагт арай нэг ойртсон боловч дугуй муу тул уул өөл гарсангүй гэсээр урдаасаа тосуулан гэрт маань торилсон доо. Тэгээд дүү охин маань гэртээ нярайлж эхнэр маань эх барьсан ол юм даа яана даа
2013-01-07