
Саяхан ОХУ-ын Буриадын автономит улсын Эрхүү мужид зарагдаж байсан «Дамил» хэмээх хүүхдийн сүүн тэжээлээс гэдэсний аюултай өвчин өдөөгч илэрч, хамгийн том нь найман сар ч хүрээгүй 13 хүүхэд эмнэлэгт хэвтсэн аж. Уг сүүнээс дээж авч, лабораторид бактериологийн 17 сорьц авснаас гуравт нь сальмонелл илэрсэн байна. Улаан-Үд, Умард байкальскад уг хүүхдийн сүүн тэжээлийг худалдаалахыг хориглож, 10 хоногийн дотор 24 хүүхдийн тэжээлийг хураан авсан гэнэ. Худалдааны төвүүдэд дээрх сүү их хэмжээгээр нийлүүлэгдэж амжаагүй хэдий ч дэлгүүр хоршоонд үргэлжлүүлэн шалгалт явуулсаар байгаа аж. Хүүхдийн тэжээлд өвчин өдөөгч хэрхэн орсон нь тодорхойгүй ч Бельги улсад үйлдвэрлэх үеэр эсвэл Москвад савлагааг задлах үеэр халдварласан урьдчилсан дүгнэлт гарчээ.
Харин манай улсын хувьд хүүхдийн сүүн тэжээл, хүүхдийн хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь импортоор орж ирдэг. Тиймдээ ч хилээр орж ирж байгаа хүүхдийн нэмэгдэл хоол хүнс, чанар аюулгүй байдал анхаарал татсан асуудал юм. Манай худалдааны төвүүдэд зарагдаж буй хүүхдийн хоол хүнс, сүүн тэжээлийн дийлэнх нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэнд бүтээгдэхүүн байдаг ч өмнөд хөршийн хаяг шошготой худалдаалагддаг. Өмнөд хөршид өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүнийхээ албан ёсны үйлдвэрийг байгуулсан улс орон цөөнгүй бий. Тэдгээрийн дотор монголчууд бидэнд хэдийн танил болсон “НАН” хүүхдийн сүүн тэжээлийн бүтээгдэхүүний албан ёсны үйлдвэр ч тухайн бараа бүтээгдэхүүнийг нь адил загвараар, нэг орц, хэмжээтэйгээр савлах үйл ажиллагааг хийж гүйцэтгэдэг аж. Тухайн байгууллагын нэр, орц, хэмжээг ягштал баримталж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг нь чанартай баталгаатай гэсэн үг бас биш. 2007 онд тус улсын худалдаанд байсан хүүхдийн сүүнээс меламин гэгч химийн бодис илэрсэн. 2008 оноос ой хүрээгүй балчир хүүхдүүдийн бөөр чулуужиж, бөөрний элдэв гажиг эмгэг бүртгэгдэх болж, 13 мянга гаруй хүүхдийг эмнэлгийн тусламж авахад хүргэсэн гэдэг. Мөн онд манай нэгэн томоохон компани өмнөд хөршөөс “Мон милк”, “Или” нэртэй сүүг импортолж зурагт, радиогоор рекламдаж, хүүхдэд өгөхөд хамгийн сайн чанарын өтгөн сүү хэмээн рекламдаж байв. Удалгүй Хятадад меламинтай сүү худалдаанд гарсан гэх мэдээллээр "Монмилк" ,“Или”-гийн импортыг хориглосон бөгөөд манай мэргэжлийн байгууллагын зүгээс ямар нэгэн химийн бодис, меламин илрээгүй гэж дүгнэсэн. Харин BBS агентлагаар Хятадад үйлдвэрлэсэн меламинтай сүүний тухай мэдээлэлдээ дээрх хоёр сүүний нэрийг дурьдаад өнгөрсөн гэдэг. Хэдийгээр холбогдох албаныхан шинжилгээ судалгаа хийж, дээрх сүүнд ямар нэгэн хортой бүтээгдэхүүн ороогүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн ч, гурван настай охиноо чихрийн шижингээр өвдсөн шалтгааныг “Или” сүү хэмээн буруутгаж байсан эхтэй таарч байсан. Гэвч ямар ч баталгаа, нотолгоо түүнд байхгүй тул хэн нэгэнд хандаж, хэл ам болохоосоо илүүтэй охиныхоо эрүүл мэндийн төлөө бүхнийг зориулж яваа. Ер нь ой хүртэлх хүүхдийн хоол тэжээл гэдэг үнэхээр чухал асуудал. Хүүхэд энэ насандаа биеийн дархлаа, зөв өсөлт хөгжилтийг олж авдаг. Энэ бүхнийг хүүхдийн биед эхийн сүү л хамгийн чухал үүрэгтэй. 1950-аад оноос нялхаст зориулсан хуурай сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, өргөн хэрэглэж ирсний уршиг нь өнөөгийн иргэдийн хэт таргалалт, чихрийн шижин, дархлалын эмгэгүүд үүсэх эрсдлийг үүсгэж байна гэж судлаачид дүгнэжээ.
Гэвч орчин үеийн ээжийн амьдралын хэмнэл, эмэгтэйчүүдийн өөртөө тавих анхаарал зэргээс үүдэлтэй хүүхдээ хөхөөр хооллох нь багасч, сүүн тэжээл, нэмэгдэл хүнс зэрэгт эрт оруулж байгаа. Аль ч тохиолдолд нялх хүүхдийн сүүн тэжээлийн сонголт “NAN”, “Миласан”, ”Nestle”, ”Danone” зэрэг импортын бүтээгдэхүүнээс сонголтоо хийж байгаа. Учир нь хүүхдийн сүү, нэмэгдэл хоол тэжээлийг үйлдвэрлэдэг улсын нэртэй байгууллага нь 90-ээд оны дундуур хаалгаа барьсан. Харин “Гум”, “Монсүү” зэрэг хуруу дарам цөөхөн хэдэн компанийн ариутгасан сүү, тараг, луувангийн нухаш зэрэг л 0-1 насны хүүхдийн хэрэгцээг хангаж буй. Харамсалтай нь үйлдвэрлэлийн хүчин чадал хангалттай сайн биш, худалдааны цэгүүд цөөн байдгаас эцэг эхчүүд тэр бүр хүссэн үедээ нялх үрдээ нэмэгдэл хоол, сүүг нь худалдан авах боломж хомс байна. “Сүү” ХК-ний хувьд үндэсний томоохон үйлдвэрлэгч гэдэг утгаараа сүү, тараг, цагаан идээгээр хэрэглэгчидэд боломжийнхоо хэрээр үйлчилгээ үзүүлдэг. Гэвч нярай хүүхдийн хоол тэжээл үйлдвэрлэх асуудлыг бараг л орхигдуулсан гэж болно. Монгол улсын хувьд эхийн сүүгээр бойжуулахыг эрхэм болгож, нялхас бүрийг зохистой хооллоход анхаарч ирсэн. Тиймээс төр засгаас ирээдүйдээ анхаарал хандуулж нялхасын эрүүл мэнд, хоол хүнс тэжээл үйлдвэрлэдэг улсын байгууллагын үйл ажиллагааг дахин сэргээхийг хүсч байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ