С.Ламбаа гурван улсын сайдтай уулзжээ

img

Улсын их хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулагдаж байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 62 дугаар чуулганд оролцож байна. Чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөсний дараа Номхон далайн баруун бүсийн захирал Др.Шин Ян-Сү өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүсийн улс орнуудын хийж гүйцэтгэсэн ажил хийгээд бүсийн хэмжээнд онцгой анхаарал татахуйц асуудлуудын талаар илтгэл тавилаа. Тэрээр бүсийн улс орнууд ХДХВ/ДОХ, хумхаа, сүрьеэ зэрэг халдварт өвчинтэй тэмцэх ажилдаа ахиц гаргасныг онцлов. Тухайлбал бүсийн нийт улс орнууд дээрх чиглэлүүдээр үндэсний хөтөлбөр боловсруулах, урьдчилан сэргийлэх, эмчлэх, хяналт тавих механизмаа сайжруулж чадавхижуулсан хэмээн үзэж байна. Үүний зэрэгцээ нийгмийн эрүүл мэндэд онцгой аюултай халдварт өвчний дэгдэлт манай бүсэд гарсан талаар онцгойлон тэмдэглэлээ.Тэрбээр хэлсэн үгэндээ“БНХАУ-д саяхан халдварт саа өвчний дэгдэлт гарсан нь дэлхийн бүх улс орнууд сааг бүрмөсөн устгаагүй тохиолдолд улс орнууд халдварын эрсдэлд байсаар байх аюултайг дахин нотлон харуулсан үйл явдал боллоо. Иймээс бүсийн бүх улс орнууд дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлж, вакцинжуулалтыг тууштай өрнүүлэх шаардлагатай байна” гэжээ.   Бүсийн захиралын илтгэлийн бас нэгэн чухал хэсэг нь халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах асуудал байсан бөгөөд тэрээр 2011 оны 9 дүгээр сард хуралдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы хүрээнд зохион байгуулагдсан өндөр түвшний уулзалтаас батлан гаргасан Улс төрийн тунхаглалыг улс орнууд засгийн газрын түвшиндээ бодит ажил хэрэг болгон ажиллахын чухалыг санууллаа. Номхон далайн баруун бүсийн улс орнуудын хувьд таван хүн тутмын дөрөв нь цус харвалт, зүрхний шигдээс, хорт хавдар, чихрийн шижин болон амьсгалын замын архаг өвчлөлийн улсаас нас бардаг байна. Түүнчлэн Др. Шин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өөрчлөлт шинэчлэлтийн асуудлыг мөн хөндөв. Ялангуяа улс орнуудын түвшинд ажиллаж байгаа ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаанд хяналт тавих механизмыг сайжруулах, тухайн улс орны эрүүл мэндийн бодлогын төвд байх тэргүүлэх чиглэлийн асуудлыг зөв тодорхойлсноор хөрөнгө санхүүгийн болоод техникийн туслалцаагаа зөв зарцуулж, илүү үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа талаар онцлон тэмдэглэлээ. Энэ өдөр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа бүсийн захирлын илтгэлтэй холбогдуулан дээрх асуудлуудаар Монгол улсын засгийн газрын байр суурийг илэрхийллээ. Тэрээр ДЭМБ-ын Ерөнхий захирал хатагтай Маргарат Чан болон Бүсийн захирал Др.Шин Ян-Сү нартай уулзалт хийж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс эрүүл мэндийг талаар баримталж байгаа бодлогын талаар танилцуулав. Ялангуяа халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах асуудлаар манай улсаас авч хэрэгжүүлж байгаа бусад улс орнуудад үлгэр болохуйц зарим арга хэмжээнээс танилцуулж, бүсийн бүх улс орнуудын төлөөлөгч нарт энэ талаар бэлтгэсэн эмхэтгэл, материалыг тараалаа. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа БНСУ, Япон, БНАЛАУ-ын Эрүүл мэндийн сайд болон дэд сайд нартай хоёр талын уулзалтуудыг тус тус хийж, харилцан шийдвэрлэх ёстой асуудлаар ярилцлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ