Улаанбаатарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн элэгний эмнэлэг байгуулахаар судалж байна

img

Хоол хүнс болоод амьдралын буруу хэвшлээс үүдэн элэгний хорт хавдраар өвчлөгсдийн тоо манай улсад сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгааг судалгаа харуулж байгаа.  Тэгвэл  элэгний өвчлөлтэй тэмцэхэд Сингапурын эмч нар манай улсад  туслахаар болжээ. Улаанбаатарт айлчилж  байгаа Элэгний халдварт өвчин судлалын азийн төвийн дэд ерөнхийлөгч Тан Кай Чаны үзэж буйгаар эхний ээлжинд энэ төрлийн эмч нарыг мэргэжлийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж, цаашид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн элэгний эмнэлгийг Улаанбаатарт байгуулах талаар ч судалж байгаа юм байна. Тэгэхээр элэгний өвчлөлийн өсөлт  аюулын харанга дэлдээд байгаа энэ үед ийн туслахаар болж байгаагаа мэдэгдлээ. Нэг жилд Хавдар судлалын үндэсний төвд л гэхэд 4400 хавдрын тохиолдол бүртгэгддэгээс  70 гаруй хувь нь хожуу шатандаа ирдэг байна. Нэгэнт хожуу үедээ орсон бол эмчлэгдэх боломж байдаггүй. Ер нь бол өвчнийг туссан хойно бус тусахаас өмнө сэргийлэх нь хамгийн чухал гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулдаг. Тэрчлэн  энэ төрлийн эмчилгээгээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Сингапур улсад урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаардаг байна. Элэгний Б, Ц вирус нь халдвараар дамждаг учир тус улсын эрүүл мэндийн байгууллагууд тоног төхөөрөмжийн ариутгалыг маш сайн хийдгээс гадна эхийн хэвлийд байгаа урагт ямар нэгэн вирус халдахгүй байх бүхий л арга хэмжээг авч ажилладаг байна. Түүнчлэн зөв зохистой хооллолтыг амьдралд хэвшүүлэх, архи,  тамхины хэрэглээнд хязгаарлалт тогтоох нь энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга болдог байна.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ