
Удахгүй болох Монгол үндэстний уламжлалт цагаан сарын баярыг хоггүй цэвэр угтах нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-19-нд хийж гүйцэтгэхийг хотын мэр үүрэг болгосон. Цэвэрлэгээнд дүүргүүдийн тохижилт үйлчилгээний байгууллагууд, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, хороо, СӨХ, иргэд болон оюутан сурагчид оролцох юм. Энэ өдрүүдэд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэрлийн болон цахилгааны шонгийн дор үүссэн хог, орон сууцны орц цахилгаан шатанд чийгтэй цэвэрлэгээ, гэр хорооллын дунд гуу жалганд үүсч хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх гэнэ. Мөн томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүдийг түр хугацаагаар хааж, түрээслэгч болон худалдааны төвийн ажилтнуудыг цэвэрлэгээнд оролцуулахаар болжээ. Бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд дүүргүүдийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны байцаагчид хяналт тавьж ажиллах бөгөөд цэвэрлэгээнд оролцоогүй, хангалтгүй оролцсон байгууллага, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх, холбогдох хуульд заасны дагуу 100-150 мянган төгрөгийн торгууль тавихаар болжээ. Мөн цэвэрлэгээнд оролцоогүй байгууллага аж ахуйн нэгжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлах аж.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ