
Өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран хотынхоо цэвэр цэмцгэр байдлыг хариуцаж явдаг хүмүүс бол ТҮК-ийнхан.
Өглөө эртлэн гэрээсээ гарсан тэд бор ходоодоо борлуулахаас урьтаж, та биднийг хоггүй, цэвэр орчинд тав тухтай байлгахаар ургах нартай уралдан ажлаа эхлүүлдэг.
Тэсгэм өвлийн хүйтэнд үүр цүүрээр жиндэж, халуун зунаар шарилж зулгайн хамаг л бохир бүхэнтэй “тэмцдэг” нийслэлийн зургаан дүүргийн ТҮК-ийн ажилчдад нийгмийн хариуцлагаараа тэргүүлэгч “Бороо гоулд” компанийнхан сэтгэлийн дэм болгон халуун цай, хоол, гарын бэлгээр бэлэг барьлаа.
Энэ үеэр удахгүй болох сар шинийн баярыг угтан ТҮК-ийн шилдэг 13 ажилчинд иж бүрэн тавгийн идээ гардуулсан юм. ТҮК-ийн ажилчидын ажил өглөө эртлэн эхлэдэг. Тиймээс “Бороо гоулд” компанийнхан ч гэсэн тэдний ажлын цагтай тааруулан хүмүүнлэгийн арга хэмжээгээ эртлэн эхлүүлсэн юм. Ажилчид “Бороо гоулд” компанийн зүгээс дөрөв дэх жилдээ явуулж байгаа хүмүүнлэгийн энэ арга хэмжээнд талархалтай хандаж байгаа илэрхийлж байсан юм. Мөн хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэгч “Бороо гоулд” компанийн ажил үйлсэд амжилт хүсэж байв.
“Бороо гоулд” компанид баярлаж байгаагаа илэрхийлье
Баянгол дүүргийн ТҮК-ийн ажилчин Р.Чимгээ:
-Таны нас сүүдэр хэд хүрч байгаа вэ. Сар шинийн баярын зүйлсээ бэлтгэж амжсан уу. “Бороо гоулд” компанийнхан танд тавгын идээ иж бүрэн чимэглэлтэй нь гардууллаа. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Миний хувьд Баянгол дүүргийн ТҮК-д найман жил ажиллаж байна. Ажил бүтээлээрээ бригадаа тэргүүлж явна. Хамт олныхоо өмнөөс “Бороо гоулд” компанид баярлаж байгаагаа илэрхийлье. Цаашидын ажилд тань амжилт хүсье. Одоо 58 настай. Манай ТҮК-д ихэвчлэн ахимаг насны хүмүүс ажилладаг. Одоо хамгийн ахмад нь 60 настай. Сарын цалингаа арай гэж хүнсэндээ хүргэдэг бидэнд сар шинийн баяраар хэрэглэх идээг маань сэтгэл гарган бэлтгэж өгсөнд маш их баярлаж байна.
-Таны ажлын цаг хэдээс эхлэдэг вэ?
-Өглөө 06:00 цагт ажил эхлэдэг. Орой 19:00 цагт ажил дуусдаг.
-Өдөрт хэчнээн км талбай цэвэрлэдэг вэ?
-10 км гаруй талбайг өдөр бүр цэвэрлэдэг.
-Таны сарын цалин хэд вэ?
-Сарын цалин 400 мянган төгрөг. Даатгалаа төлөөд гар дээр 360 мянган төгрөгийг гар дээр авдаг. Би ам бүл гурвуулаа амьдардаг. Өрх толгойлсон эмэгтэй. Сарын цалин арай л гэж хүрдэг.
Тэдний ажлыг хүндэлж, гудамжиндаа хогоо битгий хаяач ээ
“Бороо гоулд” компанийн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч М.Манлайбаатар
“Бороо гоулд” компаниас зохион байгуулж байгаа хүмүүнлэгийн арга хэмжээ хэд дэх жилдээ явагдаж байна вэ?
-ТҮК-ийн ажилчин нарт халуун хоол цай, аарцаар дайлах арга хэмжээ одоогоос дөрвөн жилийн өмнөөс эхлэсэн. Энэхүү хүмүүнлэгийн арга хэмжээг “Бороо гоулд” компаниас дэмжиж байгаа. Түүнчлэн нийгмийнхээ сайн сайхны төлөө ажиллаж байгаа эмзэг бүлгийнхэнд өөрөөр хэрхэн тус хүргэх вэ гэдэг санааг олон залуу хэлэлцсэн. Энэ арга хэмжээг цааш нь үргэлжүүлэхийн тулд томоохон компаниудаас дэмжлэг авах шаардлагатай байгаа. Хүмүүнлэгийн энэ арга хэмжээг сайт болон Facebook-ын олон залуу хамтран санаачилсан.
-Хэчнээн ажилчинд гарын бэлэг гардуулсан вэ?
-Нийслэлийн зургаан дүүргийн 13 ажилчинд тавгын идээ гардууллаа. Бидний энэ санаачилсан арга хэмжээ цаашид улам өргөжинө. Өмнө нь “Бороо гоулд” компанийн зүгээс өрх толгойлсон эмэгтэйчүүдэд иж бүрэн гэр гардуулж байсан.
-Нийгмийн эмзэг хэсэг гэхээр олон байгаа. Яагаад ТҮК-ийн ажилчидыг сонгох болсон бэ?
-Жил бүр ТҮК-ийн ажилчдад бэлэг гардуулдаг учир нь хотынхоо цэвэр цэмцэр байдлыг хангахын тулд нойр хоолгүй зүтгэж явдаг. Ноднин бид бэлэг гардуулах гээд явж байхад өнөө маргаашгүй төрөх болсон эмэгтэй хүртэл талбай цэвэрлээд явж байсан. Тиймээс залуус тэднийг аав, ээж, ах, эгч, дүү шигээ санаж тэдгээр хүмүүсийн ажлыг хүндэлж, гудамжиндаа хогоо битгий хаяач ээ гэж хэлмээр байна.
-Үйл ажиллагааны хүрээлэл хэр тэлж байна вэ?
-Жилээс жилд улам нэмэгдэж байна. Төрийн бус байгууллага болон Facebook хамтарч байгаа. Бид ирэх зуны халуунд ТҮК-ийн ажилчдад хүйтэн ундаа, зуушаар дайлах хүртэл хүмүүнлэгийн арга хэмжээ явуулах бодолтой байгаа.
Ийм байдлаар зургаан дүүргийг ТҮК-иудыг тойрон "Бороо гоулд" компанийнхан ажилчидад нь гарын бэлгээ гардуулсан юм. Энэ арга хэмжээ ирэх жил мөн үргэлжилнэ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
-
СЭТГЭГДЭЛ БИЧИХ