396 төсөлд 30.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ
2012-02-15

Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн онд аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, тэднийг өөрсдийн нь идэвхи оролцоонд тулгуурлан амьжиргааг нь дээшлүүлэх талаар багагүй ажил зохион байгуулсан. Тэгвэл энэхүү ололт амжилтаа улам батжуулах үүднээс нийслэл 2012 оныг  “Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нийслэлийн Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн томоохон бодлогын зорилтуудын хүрээнд өнгөрсөн жилүүдэд үйлдвэржилтийг дэмжих, нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд онцлон анхаарч байгаа. Өнгөрсөн оныг “Хөдөлмөр эрхлэлт-хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажилд 45 мянга гаруй иргэдийг татан оролцуулж, мэдээлэл, зөвлөмж өгч, ажлын байраар хангасан байна. 2011 онд нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор 396 төсөлд 30,0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, үүний үр дүнд нийт 1330 ажлын байр шинээр бий болжээ. Бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зээл авсан иргэд нь бүгд гэр хорооллын бичил үйлдвэрлэгчид бөгөөд нийт төслийн 138 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгогдсон байна. “Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд эмзэг бүлгийн өрх бүлүүдийг дэмжихийн зэрэгцээ амьжиргаагаа ямар нэгэн байдлаар авч яваа, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэн өрхийн орлогоо нэмэгдүүлэхээр зорьж буй иргэдээ түлхүү дэмжих болно гэдгийг энэхүү жилийн ажлыг нээж хэлсэн үгэндээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр онцолсон. Түүнчлэн өөрсдийн ажилчин, албан хаагчдын ар гэр, амьдрал ахуйг сайжруулах, орлогожуулахад хандсан болон нийгмийн хариуцлагаа идэвхитэй хэрэгжүүлж буй бүх байгууллага, аж ахуйн нэгжийг дэмжиж, урамшуулах бодлого барих болно гэдгээ хотын дарга хэлсэн. “Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөөнд ажлын байр бий болгох, зуучлах арга хэмжээ авч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар орлогыг нэмэгдүүлэх, халамжийн үйлчилгээг оновчтой болгох, өрхийн өөрсдийнх нь оролцоо, санаачлагад тулгуурлан халамжийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн суурь үйлчилгээгээр амьжиргааг дээшлүүлэх, иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулж өрхийн хөгжлийг дэмжих замаар хотын соёлыг бий болгох зэрэг олон ажил тусгагджээ. Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин