СБД-ийн 9 усан сангийн ус бохирдолтой байна
Сүхбаатар дүүрэгт байгаа усан сангуудад тус дүүргийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Тус дүүргийнг хүн амыг ундны усаар хангах зориулалтаар 142 худаг, ус суваг ашиглалтын газрын харьяа 32 усан сан ажиллаж байна. Харин иргэд аж ахуй нэгжүүдийн барьсан хувийн 42 усан сангаас 9 нь шаардлага хангаагүй хатуулаг ихтэй устай нь шалгалтаар илэрчээ. СБД-ийн 9 болон 16дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа 9 худгийн ус нянгаар бохирлогдсон, хатуулаг ихтэй нь мэргэжлийн хяналтын байгууллагынхны хийсэн шалгалтаар илэрсэн байна. Мөн Баянгол,Сэлбэ амралтын газруудын худгийн ус нянгаар бохирлогдсон тул ариутган,цэвэрлүүлж, тус бүрийг нь 150 мянган төгрөгөөр торгосон байна. Хатуулаг ихтэй усыг иргэд цаашдаа хэрэглээд байх юм бол цөсний чулуу болон бөөрний чулуутай болох аюултай гэдгийг мэргэжлийн хүн хэлж байсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзэж байгаагаар гэр хорооллын нэг иргэнд өдөрт 40 литр ус хэрэгцээтэй, харин орон сууцанд байгаа хүн 250 литр ус хэрэглэх хэрэгтэй гэсэн мэдээ байдаг. Гэтэл өнөөдөр энэ стандарт биелэхгүй байгаас болоод гэр хорооллын хүүхдүүд халдварт шар өвчин болон цусан суулгаар өвчилж байна гэсэн судалгаа гарчээ. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан цаашдаа хүн амын ундны усны хүрэлцээ болоод эрүүл ахуйн тал дээр анхаарч ажиллахаар болжээ. Айлууд гүний худгаа хашаан дотроо бие засах газраас 2-5 метр зайнд гаргасан байгаа нь ноцтой асуудал болж байна. Цооног нь ямар ч хамгаалалтгүйгээс гадна зөвшөөрөлгүй барьсан олон худаг энэ шалгалтаар илэрчээ. Цаашдаа усан сангуудыг эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд барьж, энэ мэт шаардлагыг хангахын төлөө ажиллана гэдгээ мэргэжлийн хяналтынхан хэлж байлаа.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ