
Шунхлай компани шатахууны үнийг литр тутамд 50 төгрөгөөр буулгаж, худалдан авалтын дүнгээс хамаарсан гарын бэлгийг жолооч нартаа гардуулж байгаа аж. Энэ талаар тус компанийн маркетингийн менежер н.Дарханбаатараас тодрууллаа.
-Шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр бууруулсан байна. Одоо танай шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд ямар үнээр борлуулалт хийж байгаа вэ?
-Өнгөрсөн нэгдүгээр сард ам.долларын ханш өссөнтэй уялдуулан шатахуун импортлогчид бензин шатахууны үнийг литр тутамдаа 260-300 төгрөгөөр нэмэгдсэн. Харин энэ сард ам.долларын ханш буурсаар байгаа тул манай компаний шатахууныхаа үнийг бууруулах арга хэмжээ авч, гурван удаагийн давтамжаар нийт 130 төгрөгөөр шатахууны үнийг буулгаж байна. 50 төгрөгөөр бууруулсан үнийн хүснэгтээс өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг манай шатахуун түгээх станцуудын үнэ ханшийг харж болно.
-Цагаан сард зориулан үнэ буулгаж байгаа гэж иргэдийн зүгээс үзэж байна. Цагаан сарын дараа үнээ нэмэх үү?
-Үгүй. Энэ сарыг дуустал бууруулсан үнээр борлуулалт хийнэ. Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 1340 төгрөг байна. Үүнээс доош буувал бид мөн адил шатахууныхаа үнийг буулгах зарчмаар ажиллана. Цагаан сарын бэлэг гэж болох ч ам.долларын ханш өсөхгүй байвал шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй. Гэхдээ ирэх сард ОХУ экспортын үнээ нэмэгдүүлэхгүй байх нь хамгийн гол асуудал.
-Хөдөө орон нутагт байрлах шатахуун түгээх станцуудынх нь үнэ ч мөн адил буурна биз дээ.
-Тийм. Хөдөө орон нутагт ч мөн адил борлуулж байгаа тухайн үнээс нь 50 төгрөгөөр бууруулж байгаа.

Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ