
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Татварын ерөнхий газар, хамтран "Эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих нь" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны хурлын танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үндсэн илтгэгчээр ҮХШХ-ны дэд дарга Л.Зориг, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, нар ажилласан. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зориг “Эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөв, цаашдын хандлага” сэдвээр, ТЕГ-ын дарга Б.Баттөмөр “Эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих нь” сэдвээр тус тус илтгэв.
Хэлэлцүүлэгт Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Б.Лхагважав, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор болон МУИС ийн эрдэмтэн багш нар, мэргэжлийн холбоод, бусад албаны хүмүүс нийт 70 гаруй төлөөлөл оролцож, эх орны эдийн засгийн хөгжлийг татварын бодлоготой хэрхэн уялдуулах боломж байна, бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор яаж дэмжих талаар харилцан байр сууриа солилцлоо.
Хэлэлцүүлгийн явцад улс орны хэмжээнд эдийн засгийн бүтцийг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, улмаар эдийн засгийн өндөр өсөлтийг хангахад чиглэсэн төлөвлөлт, бодлого, үйл ажиллагааны талаар олон шинэ санал, санаачилгыг хөндөж ярилаа. Бас татварын бодлого, зохицуулалтыг эрхзүйн хүрээнд өөрчлөх шийдлийг хайхад хэлэлцүүлгийн үндсэн зорилго оршиж байсан юм. Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөгч гол хүчин зүйлүүдийг тодорхойлж, тэдгээрийг татварын бодлогоор дэмжих тогтолцоог бүрдүүлэх талаар санал дэвшүүллээ.
Татварын бодлого зөв байснаар эдийн засагт ямар сайн нөлөө үзүүлдэг, алдаатай буруу явснаас болж хэрхэн хохирдог талаар Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав баримт дурьдав. Тухайлбал, Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татварын бодлого барьснаар Монгол Улс алтнаас авах татварын мөнгөнийхөө дийлэнх хувийг далд эдийн засаг руу алдсан гашуун туршлага бий. Түүнчлэн дөрвөн 10-ын бодлого хэмээх алдарт адилсгалын зохицуулалтыг өнөөдрийн нөхцөл байдалд өөрчлөхгүй бол өндөр орлоготой компаниуд, дөнгөж хөл дээрээ тэнцэж буй аж ахуйн нэгжүүд адилхан хэмжээнд татвар төлөөд явах нь эдийн засгийн асар их алдагдлыг буй болгож байна хэмээн ярилаа. МУИС-ын багш, доктор Ч.Энхбаяр үндсэн илтгэгч, ТЕГ-ын даргын илтгэлд туссан санаатай санал нэгдэж буйгаа илэрхийллээ. Мөн татварын албаны даргын илтгэлд татвараа нэмэх тухай биш, татварыг аль болох боломжийн бага байлгаж сууриа өргөтгөх замаар далд эдийн засагтай тэмцэх боломж бийг онцолсонд талархаж байгаагаа хэлээд, хамгийн гол нь өнөөдрийн энэ чухал хэлэлцүүлгийг яригдсан татварын эрхзүйн орчинд өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй байгаа талаарх санал санаачилгыг бодлого боловсруулагчид ач холбогдол өгч ашиглаасай, ажил хэрэг болоосой гэж хүсч буйгаа ярилаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд татварын асуудлаар хоёр ч удаа томоохон бодлогын илтгэл тавиад байгаа. Ерөнхий сайдын мэдэгдэж буйгаар эдийн засгаа дэмжих, ялангуяа жижиг дунд үйлдвэрүүд, бага орлоготой иргэдээсээ татвар бага авах бодлого баримтлах нь чухал. Тэгвэл Засгийн газрын байр суурь болоод, татвар төлөгчдийн маш цөөхөн хувь нь эдэлж, тайлан тооцоогоо цэгцэлж авсан Татварын “өршөөлийн” хуулийг дахин гаргах шаардлага байгааг Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Б.Лхагважав хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлэхдээ онцлон хэллээ.
Жижиг, дунд үйлдвэрийн тухайд эдийн засгийн хөдөлгөгч гол хүч болдог. Ажлын байрыг нэмэгдүүлдэг сайн талтай. Гэвч өнөөгийн нөхцөлд банкны зээлийн хүү өндөр, зээлээр бизнес эхлээд эргээд ашиг олоход маш хүндрэлтэй байдгийг дурьдаад цаашид татварын бодлогоор бизнесийн салбараа дэмжихээс гадна санхүүгийн зөв алхамтай цогцоор нь авч үзэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Тэрбээр Солонгос улс жижиг дунд үйлдвэрээ хэрхэн өндийлгөсөн бэлэн туршлага байгаа учраас манай улс ч бас амьдралд нотлогдсон энэ жимээр татварын болон санхүүгийн зөв алхам хийвэл эдийн засгийн хөгжлийг дэмжих, тогтворжуулах бүрэн боломж байгааг хэллээ.
Хэлэлцүүлгийн дүнд татварын бодлогоор эдийн засгийг дэмжихэд эрхзүйн цогц шинэчлэл хэрэгтэй байгаа талаар холбогдох төрийн байгууллагууд болон эрдэмтэн судлаачид санал нэгдсэн. Харин бодлого боловсруулахдаа эдийн засгийн энэ мэт чухал хэлэлцүүлгийн санал, санаачилгуудыг ажил хэрэг болгох түвшинд илүү нухацтай авч үзэж, ашиглаж байвал чухал юм гэх санааг олон оролцогч онцолж байсан. Татварын бодлогоор эдийн засгийн өсөлтийг дэмжих тухай эл хэлэлцүүлгийн илтгэл, санал дүгнэлтүүдийг нэгтгэн Сангийн яаманд, бодлого боловсруулагчдад хүргэх бөгөөд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Үндэсний Татварын алба, албан сайтдаа байрлуулж, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн дэлгэрүүлнэ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ