
Манай цөмийн энергийн салбар өнөөдөр хоёр толгойтой болоод удаж байна. Үлгэрт гардагаар бол олон толгойтой бол атгаалжин хар мангас болдог.
Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг, дэлхийн улс орнуудын арааны шүлсийг гоожуулаад байгаа ураны салбар хөл толгойгоо олохгүй, дур мэдсэн дарга нартай байгаа нь гадаадынханд олз болох, улс орноо мөхөлд оруулах атгаалжин хар мангас болж хувирахыг үгүйсгэхгүй.
Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын санаархал шингэж, гар хөлөө дүрээд эхэлчихсэн гэдгийг ЦЭГ-ын дарга С.Энхбат саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Энэ салбарыг улстөржүүлээд байгаа нь үүний нөлөө гэх. Манай улстөрчид ч тэдний дохиогоор хөдөлж, эх орондоо цөмийн хаягдал булшлах тухай ярьж гэрээ хэлэлцээ хийх тухай хөндсөн байхыг үгүйсгэхгүй.
Үүнийг ЦЭГ-ын даргаас чөлөөлөгдсөн ч шүүхээр заргалдаж яваа С.Энхбат, түр үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байгаа Г.Манлайжав нар дуу нэгтэй хүлээн зөвшөөрөн ярьсан байна. Тэдний ярианаас харахад эх оронч үнэр үнэртэж, ураны салбарыг энхийн зорилгоор ашиглах хэрэгтэй, гадаадын хөрөнгө оруулагчдын шуналд автуулж болохгүй гэсэн өнгө аяс гарч байна.
Гэхдээ тэдний энэ уран үгний цаана улстөрийн ямар хүчний ашиг сонирхол нуугдаж байгааг мэдэхгүй. Цөмийн салбарт улстөрийн сонирхол шургалж, даргыг нь халж сэлгээд бараг жил дамнасан албан тушаалын тэмцэл өрнөөд байгаа нь энэ бүгдийг гэрчлэх. Өнөөдрийн байдлаар Цөмийн энергийн газрын байрны хоёр жигүүрийг С.Энхбат, Г.Манлайжав нар эзэгнэн хэдэн цэргээ хоорондоо бөмбөгнүүлэх болж. Ажилчид нь итгэл үнэмшлээрээ, ажил олгосон, татсан гэх шалтгаанаар өөрийн даргадаа үйлчилж хоёр хуваагдаад байгаа аж. Хэдийгээр энэ байдлаа ил хэлэхгүй ч хөндлөнгөөс харахад ил болжээ.
ЦЭГ-ын дарга С.Энхбат Засгийн газрын хуралдаанара гаргасан шийдвэрийг эсэргүүцэн Захиргааны хэргийн шүүхэд хууль бусаар ажлаасаа халагдсан хэмээн зарга үүсгэсэн. Өнгөрсөн зун бие нь нэлээн чилээрхсэн боловч өнөөдөр цоо эрүүл болоод ирлээ. Одоо нэгийгээ үзэж нэхий дээлээ урлцахад бэлэн гэж ярьжээ. Эхний алхам нь буруу шийдвэр гаргасан Ерөнхий сайдтай заргалдах.
Дараагийн алхам нь цөмийн хаягдлыг Монголд булшлуулахгүй байх гэсэн байх юм. Энэ талаараа тайлбарлахдаа
“Би хуваарийн дагуу амарсан. Амарч байх хугацаандаа би Архангай аймагт утасны сүлжээ барьдаггүй газар байлаа. Тэгээд аймгийн төв рүү орж ирээд утсаа асаахад Ерөнхий сайдын шадар туслахаас “Дарга дуудаж байна” гэсэн мессеж тав хоногийн өмнө ирсэн байсан. Дуудсан уу гэвэл дуудсан байгаа биз. Гэхдээ надад мэдэгдэхгүйгээр дуудсаныг дуудсанд тооцох уу, үгүй юү. Намайг өөрсдөө “амар” гэчихээд дараа нь “том толгой гаргалаа, хөдөө явлаа” гэх юм. Тэгэхээр одоо яана гэсэн үг вэ. Би бол үүнийг намайг зайлуулах гэсэн арга саам болов уу гэж ойлгож байна. Ийм сонирхолтой хүмүүс олон байна шүү дээ…
…Одоогийн парламентад цөмийн хаягдлын талаар ярьсан нэр бүхий хүмүүс бий. Гэхдээ одоохондоо тэдний нэрийг хэлэхээ больё. Өөрсдөө эхэлж ярьчихаад шуугиан дэгдээд эхлэнгүүт нь “үгүй, үгүй” гээд байгаа юм. Төрийн тусгай байгууллагууд мэддэг л байгаа даа. Мэдэхгүй бол шалгаад үзэхэд гараад ирнэ дээ. Ер нь ийм яриаг улстөрчид хийсэн үү гэвэл тийм. Яг гэрээ байгуулсан эсэхийг нь хэлж мэдэхгүй” гэжээ.
Хэрэв байдал эвгүйтвэл бүх үнэнийг гэрчилнэ гэсэн сүрдүүлгийн өнгө аяс харагдаж байна. Өөрөөр хэлбэл улстөрийн тохироо хийвэлү амаа хувхиад явах бололтой юм. Тэгвэл түүний ажлыг түр орлох үүрэг хүлээгээд байгаа Г.Манлайжав цөмийн хаягдлыг Монголд булшлах талаар гарсан ярианд тайлбар өгчээ. Тэрээр “
Цөмийн хаягдлын талаар Америк, Япон, Монголын хооронд гурвалсан гэрээ байгуулах гэж байна гэх мэдээллийн талаар бидэнд одоогоор мэдэх зүйл алга байна.
Цөмийн хаягдалтай холбоотой асуудал яригдах гэж байгаа бол тусгай ажлын хэсэг хэлэлцэж, яамдаас санал авч Засгийн газраар оруулсны дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, дараа нь УИХ-аар шийдэх учиртай. Цөмийн хаягдалтай холбоотой асуудлыг хуулиар хориглосон байгаа. Дээр хэлсэн үйл ажиллагаа явагдаагүй болохоор бидний зүгээс мэдэх зүйл алга. Янз бүрийн түвшний хүмүүс албан бусаар ярилцсан байхыг үгүйсгэхгүй.
Харин цөмийн түлштэй холбоотой асуудлыг Цөмийн энергийн тухай хууль болон Төрөөс баримтлах бодлогын хүрээнд тусгасан зүйлс бий. Өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологи нэвтрүүлэх зүйлс орсон” гэжээ. Тэгэхээр энэ хоёр эрхэмийн хэлж буйгаар улстөрчдийн гадаадын хөрөнгө оруулагч, их гүрнүүдийн ашиг сонирхолтой нийцээд байгаа гэх ойлголтыг өгч байна.
Б.Ургамал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ