
Газар тариалангийн зарим нутгаар явж тариаланчдын үгийг сонсоод ингэж хэлмээр санагдав. Уг нь байхгүйн зовлон л гэж ярьдагсан. Ярихаар ч барахгүй монголчууд бид 1990-ээд оны эхээр идэх уухаар гачигдаж мах, гурил, будаа картанд орчихсон хэцүүг үзсэн. Бас 2006, 2007 онуудад нэгэнт уналтад орсон газар тариалангаа сэхээж чадаагүйн улмаас гадны тусламжийн гэх чанар дутмаг гурил будааг үглэн дуулан, голонгуйхан хэрэглэж байсан нь саяхан. Тиймээс газар тарилангаа өөд татъя. Ард нь олон мянган хүний амьдрал эрх ашиг байгааг олж харъя гэсэн үүднээс Засгийн газраас “Атрын III” аянг зарласан. Эзэмшиж байсан талбай нь атаржиж, хэрэглэдэг техник нь зэврэх шахам болсон тариланчид энэ шийдвэрийг уулгалан хүлээж авсан. Хэр хэмжээгээрээ хөдөлсөн. Засгаас ч анхаарч тариалах үр, машин механизмыг нь хөнгөлөлттэй үнээр зээл олгож эхэлсэн. Үүний дүнд өнөөдөр газар тариалангийн салбар сэргэсэн гэж болно. Энэ жил гэхэд өмнөх жилийн тариалсан талбайн хэмжээ 10 хувь нэмэгдсэн. Цаг агаар ч нар хуртай сайхан байлаа. Хааяагүй л амуу тариа шаагисан сайхан намар болж байна.
-Үр тарианы болц гэж хэлэх юмгүй сайхан. Зарим аж ахуйн тариаланчид га-гаас 30 центр хүргэж авч байгаагаа бахархан ярьж байна. Будаа тариа сайхан байна гэдэг тариаланч хүнд хамгийн том баяр тэр л дээ. Гэвч “Сайн байна уу?” гэсэн мэндийн хариуд будаа л байна даа гэх. Яриа нэлээд өрнөөд ирэхтэй зэрэг будаагаа яаж борлуулэх вэ гэцгээж байна.
Улсын хэмжээгээр энэ жил 420 мянган тонн буудай хурааж авахаар төлөвлөсөн нь давж биелэх магадлалтай аж. Төв аймгийн Жаргалант, Цээл сумдын үр тарианы аж ахуйнууд л гэхэд төлөвлөснөөс илүү ургац аваад байгаа юм байна. Харин хурааж авсан будаагаа хаашаа хийхээ мэдэхгүй гайхширч байна. Ёстой л байгаагийн зовлон гэдэг чинь байхгүйгээсээ хэцүү боллоо гэх хүмүүс тааралдлаа. Жаргалант сумын “Хөхбаянбулаг” компанийн захирал Ж.Ариунболд:
-Манайх 3000 га-гийнхаа тариаг хураагаад авчихлаа. Ургац сайн, унац өндөр байна. Ирэх жилийн үрээ нөөцлөөд авчихлаа. Одоо үтрэмд байгаагаа л борлуулах ажил үлдлээ. Талбайд нэг хэсэг нь байна. Яах вэ?
Гурилын үйлдвэр болохоор нэг тонн будааг 350 мянган төгрөгөөр авахгүй гээд байдаг. Ноднин 44 тэрбумаар нөөцөлж авсан будаагаа хэрэглэж дуусаагүй бололтой юм билээ. Тэгэхээр тэднийхийг буруутгаад ч нэмэргүй. Ер нь газар тариалангийн бодлого нэг л буруу яваад байна гэж байлаа. Тус аймгийн Цээл сумынхан газар тариалангаар амьжиргаагаа залгуулдаг аж. Сумын хэмжээнд газар тариалан эрхэлдэг 50 гаруй компани, аж ахуйтай. Бас тариа тарьдаг 100-гаад өрх бий гэж танилцуулсан.

Үнэхээр эднийхийг тариа будааны өлгий гэмээр юм. Очсон аж ахуй бүрийн үтрэмд, айл өрхийн хашаанд нуруулдсан будаа шаргалтаж байна. Намрын өгөөж гэж тэр. Гэтэл үг сольсон хүн бүр л будаагаа яаж борлуулах вэ гэсэн гомдлын үг хэлж байна. Төр, засгийнхан салбарын яамныхан ч тэр ургац арвин тариаланчдын магнай тэнэгэр байна гэж зурагтаар яриад л гэх нь бас сонсогдоно билээ. Гэвч тариаланчдын сэтгэл санаа байгаагийн зовлон гээчид нэрвэгдчихээд байгаа юм байна.
Цээл сумын “Оргил төр”, “Газар эх”, “Арвайн ундарга” компаниудаар очлоо. Дарга, даамлууд нь нөгөө борлуулалт, борлуулалт гэсэн үгийг давтаж төр, засгаас тариаланчдын талаар явуулж буй бодлого дутмаг байна. Хөгжүүлье, хөгжүүлье гэж ярьчихаад хөгжсөний дараах үр дүнг орхигдуулсан бодлого барьж байна хэмээн шүүмжилж байна. Ерөнхий сайд газар тариалангийн ажилтай танилцаад 100 мянган тонн будааг улс худалдаж авна гэсэн. Хэлсэндээ хүрээд авдаг юмаа гэхэд цаана нь олон мянган тонн будаа үтрэмийн талбайд нар, салхинд идэгдээд байж байна. Тариаланчдын яриагаар гурилын үйлдвэрүүд дээрээс тогтоож өгсөн тонн будааг 350 мянган төгрөгөөр авахыг цааргалаад буй. Тэднийг бас учиргүй буруутгаад нэмэргүй. Яагаад гэхээр импортын гурил гэж хойд, урдаас өдөр бүр “асгарч” орж ирж байхад асар их гурил үйлдвэрлэчихээр тэд бас л борлуулалтгүй гацах нь мэдээж. Хожимдуу ч гэлээ гаднаас оруулж ирэх будааг хориглох, нэг бол татварыг өндөрсгөхөөр УИХ-аар хэлэлцүүлэхээр болж. Гэтэл гадны гурилыг яах вэ гэсэн асуудал орхигдоод байгаа. Үүнийг цогц биш бодлогын үргэлжлэл гэмээр. Угаас газар тариаланг дэмжих бодлогод учир дутагдал их байгаа юм. Тариагаа сайн тарьж их ургац авах тухай бодсноос авсан будаагаа яах вэ гэсэн асуудал орхигдож. Бас гурилын үйлдвэрүүдийн талаар юу ч төлөвлөсөнгүй. Нөгөө гэвэл зах зээлээ хамгаалах бодлого илт үгүйлэгдээд байна. Энэ жилийн авч байгаа арвин ургац дотоодынхоо нөөцийг бүрэн хангаад бүр илүү гарахаар байна шүү дээ. Тариаланчдын хэлж байгаагаар бол газар тариаланг сүрхий дэмжчихээд сэргээд хөл дээрээ нэгэнт босоод ирэхээр нь бодлогоор унагах гээд байгаа юм шиг санаа цухалзаж байна. Өртэй хүн өөдөлдөггүй гэдэг үг бий. Тэгвэл авсан зээл ихтэй, өртэй тариаланчид хожиж байгаа гэх. Яагаад гэхээр авсан будаагаа өрөндөө өгч дундруулж байхад өргүй нь үтрэмд байгаа их будаагаа яах вэ гээд толгойгоо гашилгаж байх юм. Тариаланчид жаахан ахиу ургац авчихаараа монополь зан гаргаад будаагаа үнэ хүргэх гээд байгаа ч юм биш аж. Сэлбэг, шатахууны үнэ өссөнөөс нэг тонн будааны өөрийн өртөг 280-295 мянган төгрөг болжээ. Дээрээс тогтоож өгсөн үнэ 350 мянга. Түүнд хүргэдэггүй юмаа гэхэд 300 жаахан гаргаад өгчих гэсэн тариаланчдын санаа юу нь буруу байхав. Гэтэл гурилын үйлдвэрийнхэн 230 мянгаас илүүгүй үнээр авна гээд байгаа. Ингээд тариаланчид гурил үйлдвэрлэгчид хоёр биеэ харзнаж байна. Үүнийг төр, засгаас даруйхан зохицуулж өгөх, цаашид дотоодынхоо зах зээлийг хамгаалах дорвитой бодлого барих шаардлага байгаа юм. Гадаадаас улаан буудай, гурил оруулахыг ор тас хорьсон ч гурван сая хүрэхгүй хүнээ цатгах гурилтай байж чадах юм биш үү. Тариаланчдад үтрэм дэх будаагаа хадгалах сав алга. Энэ янзаар байдал үргэлжлээд энэ жилийн “амжилтаа” цасанд даруулаад өнгөрвөл хойтон будаа тарих тариаланч ховордох янзтай. Борлогддоггүй будаа тарьснаас хамаг талбайгаа рапс болгочихъё.

Тэр л бидэнд ашигтай байна гэх хүн олон байна. Тосны ургамал рапс тарихад буудайнхаас тав дахин бага зардал, хөдөлмөр зарцуулдаг. Хавар мөнгөө цүнхэлсэн хятадууд ирээд шатахуунаар булж өгөөд явдаг. Намар бас газар дээрээс ирээд ургацаа авчихна. Ашиг орлогоо бодвол үүн шиг амар ажил алга гэж тариланчид ярьж байна лээ. Үүнийг цөхөрсөн хүний үг гэж болох ч амьжиргаа бодсон нь рапс тариалагч болж л магадгүй юм. Энэ бүхнийг сонсоод “Атрын III аян” гэж сэтгэлийн хөөрлөөр зарлаад үр дүнг нь мартсан бодлого явуулж иймд хүргэх ч гэж дээ гэж бодмоор. Хятадад “Соёлын хувьсгал”-ын үед өрх бүр үйлдвэрлэгч болъё гэсэн бодлого дэвшүүлээд сүүлд нь илүүдэл бүтээгдэхүүнээ яахаа мэдэхгүй байсан тухай гашуун үнэнг бид мэднэ. Тэгвэл өнөөгийн Монголын газар тариаланд тийм тохиолдол бий болжээ. Стратегийн чухал бүтээгдэхүүн гээд улаан буудай экспортлохыг хориглочихсон шийдвэрийг ч эргэн хармаар юм шиг. “Сааль бэлдэхээр саваа бэлд” гэсэн мэргэн үгийг “Атрын III аян” гэгчийг зарлахдаа мартжээ. Уйгагүй хөдөлмөрийнх нь үр дүнг талаар болгож тариаланчдынхаа урмыг хугалахгүйсэн. Цаашлаад будаа тариа арвин байвал ард олон маань жаргалтай байх билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ