Дулааны шугам сүлжээний шинэчлэлд францчууд оролцох сонирхолтой байна
Хот байгуулалт, нийтийн тээвэр, хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Францын Далкиа группийнхэн Улаанбаатар хотын дулаан хангамжийн шугам сүлжээний шинэчлэлд оролцох сонирхолтой байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр тус группын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр тэд энэ тухайгаа дуулгалаа. Далкиагийнхан ОХУ, БНХАУ болон Балтийн орнуудад үйл ажиллагаа явуулж, хотын дулаан хангамжийн талаар төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд өмнөд хөршийн Харбин хотод гэхэд л дулааны шугамын томоохон төсөл дээр ажиллаж байгаа ажээ.
Хорт утаа бага гаргадаг технологийн үр шимээр Харбины агаар дахь нүүрсний хорт хийн хэмжээ жилд 4000, агаар дахь тоосжилт 60 тонноор буураад байгаа гэнэ. Хотын дарга шилдэг технологи санал болгож буй гадны компаниудтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд эдийн засгийн үр ашигтай, шинэ технологийн талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай нарийвчлан ярихыг хүслээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ