Битүүний өдөр

img

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын шинийн 1-ний өмнөх өдөр. Хүнсний зах, худалдааны төвүүд баярын бэлтгэлийг базааж буй иргэд хөл хөдөлгөөнд дарагджээ.  Битүүний өдөр хотын гудмаар хөл хөдөлгөөн ихтэй, замын түгжрэл, дэлгүүрийн дараалал, ууц шүүсээ бэлдэж амжаагүй иргэдийн цаг хугацаатай уралдах гэсэн мэт яарсан дүр. Энэ өдөр томоохонд тооцогдох “Шонхор”, “Бөмбөгөр”, “Меркури” захуудад иргэд  баярын бэлтгэлээ хэрхэн бэлдэж байгааг сонирхов. Ууц 160-300 мянган төгрөг Чингэлтэй дүүргийн “Шонхор” зах. Үүднээсээ эхлээд  дээл хувцас, малгай бүс, ууц,  хэвийн боовны цар таваг худалдан авахыг санал болгосон наймаачид угтав. Дотогш ороход  автомашинууд хүн зөрж гарах аргагүй  шахаж байрлаад цагаан идээ, аарч, чацаргана, тарган хонины ууц, үхрийн өвчүү зэргийг худалдаалахаар дэлгэн тавьжээ.  Аарц 1300, ааруул 8000-10000, тогооны өрөм 10000, шар тос 9000 төгрөгийн үнэтэй зарагдаж байв. Харин цагаан сарын баярын ширээний хамгийн чухал зүйл болсон тарган хонины ууц 160-300 мянган төгрөгийн  ханштай байлаа.  Ууц худалдан авахаар сонирхсон ахмадууд хамгийн таалагдсанаа худалдан авмаар байвч “бэл бэнчин”-гээ бодож буй мэт хэсэг эргэлзэх аж. Гэвч ахмадууд сар шинээр ууц тавих ёсыг  алдахгүй хэмээн дэлгэн тавьсан ууцнуудаас сонголтоо хийж байв.  Махны худалдаачдын хувьд ууцны наймааны худалдаа эрхлэх оргил үе нь аж. Учир нь цаг тулсан энэ өдөр иргэд бэл бэнчин нь хүрч л байвал шууд худалдаж аваад явдаг гэнэ.   Ууц, өвчүүний  үнийг дагаад махны үнэ ч өндөр байна.  Үхрийн мах 6600-7500, хонь 6500-6800, адуу 6000-6500, ямаа 5500 төгрөг. Харин  хүнсний ногоо 500-1000, хэвийн боов  15000-24000, өндөг 220 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.  Махны үнэ 1000-өөр илүү “Бөмбөгөр” худалдааны төв. Тус захад ороход иргэдийн хөл хөдөлгөөн “Шонхор”-ынхаас илүү байх аж. Хотын төвд байршилтай, иргэдийн хэрэгцээтэй хүнс, бараа бүтээгдэхүүн, архи тэргүүтэнг худалдаалдаг гэдэг утгаараа үйлчлүүлэгчид  ихтэй газар. Харин өнөөдөр урьд урьдынхаас илүү хөл хөдөлгөөнтэй, иргэд харсанаа л худалдан авахаар яарч, жаахан азнавал дэргэдэх хүндээ алдчих нь энүүхэнд аж. Тиймээс сонголт хийж зогсох боломж иргэдэд олдохгүй байв. Махны үнийг сонирхвол “Шонхор” захад худалдаалж байсан үнээс 1000-1200 төгрөгөөр  илүү. Иргэд нэг кг үхрийн махыг 8000-8500 төгрөгөөр худалдан авч байгаадаа багагүй бухимдаж байгаа харагдсан. “Меркури” захын хувьд худалдан авагчид харьцангуй цөөн байв. Тус захаар гадаадын иргэд голдуу үйлчлүүлдэг тул бараа бүтээгдэхүүний сонголт ихтэй,  “Шонхор”, “Бөмбөгөр” захын үнээс  ахиу  үнэтэй байх аж.  Махны  хувьд хонь, үхэр, гахайны махнаас сонголтоо 8500-10000 төгрөгөөр худалдан авах боломжтой юм билээ.   Меркури захын ойролцоо “Цагаан сар үзэсгэлэн худалдаа” нэртэй баярын бэлэг сэлт, цагаан идээ худалдаалах нэгэн шинэ зах нээгджээ. Энэхүү зах нь Улсын цирк дотор байрлах аж. “Экспо цирк” нэртэй уг үзэсгэлэнгийн танхимд гадаадын чамин содон бараа бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрийн дээл, гутал, цамц, түрийвч зэргийг худалдаалж байв. Цагаан сараар  ирсэн зочиндоо өгөх бэлэгний сонголтоо хийж,  цагаан идээ, тавгийн чихрээ худалдан авах гэсэн иргэд зай талбай бага, багталцахгүй байгаагаа хэлж байсан. Цагаан сараар бэлэг сэлт бэлдэж зардал их гаргадаг тул бэлэг өгөхөөс татгалазахыг уриалсаар олон жилийн нүүр үзэж буй. Түүнчлэн эцэг өвгөдөөс уламжилсан зан үйлийг дагаж ирсэн зочиндоо бэлэг өгөхгүй гаргахыг  хүсдэггүй монголчууд Эрээний эдийн засгийг дэмжиж байна гэж шүүмжлэх иргэд цөөнгүй бий.  Тиймээс энэ онд Хятадад үйлдвэрлэсэн хулхи бэлэгний оронд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, “Монгол бэлэг“ аянд нэгдэхийг уриалсан билээ. Гэвч бэлэг сэлтээ сонгож байгаа иргэдэд үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн өндөр үнэтэй байна. Эрээний эдийн засгийг дэмжиж байна гэдгийг бодох бус сар шинийн өдрүүдэд ирсэн зочидоо бэлэгтэй гаргах нь чухал гэдгийг хэлж байсан юм. Цагаан сарын баярыг  зарим иргэд зардал чирэгдэл ихтэй, хэдэн сарынхаа төсвөөр ганц баярт бэлддэг гэж дургүйцэх нь цөөнгүй бий. Харин нөгөө хэсэг нь монгол түмний үеэс үед уламжлан ирсэн баяр, хэр сайн бэлдэж, мөнгө зарлагдана тэр хэмжээгээр ирж буй шинэ он буян хишгээ хайрладаг гэж үздэг юм билээ. Тиймдээ ч өнөө жилийн цагаан сарын бэлтгэл үний өсөлтөд “нухлагдсан” хэдий ч иргэд дор бүрнээ бэлтгэлээ ийнхүү базааж байна. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bochko:
undesnii hamgiin tom bayraa,soyloo nowshoorn novshoorn duudaj bdg chi uuruu hujaa bn da.
2012-02-22
NOWSHIIN TCAGAAN SAR JINXENE UTGAARAA EREEND XURUNGU ORUULALT XIIJ BNA MONGOLIIN XICHNEEN TUGRUG EREEND GARCH UMXII XUJAA NARIIN XALAASIIG DVVRGEJ BGAA BOL
2012-02-21
bochko:
undesnii hamgiin tom bayraa,soyloo nowshoorn novshoorn duudaj bdg chi uuruu hujaa bn da.