
Баярын өдрүүдэд жолооч нар автомашинтайгаа угаалгын газрын үүдэнд урт дараалал үүсгэдэг уламжлал тогтоод удаж буй. Энэ үеэр авто угаалгын газруудын урт дарааллаас гадна үнэ нэмдэг асуудалд жолооч нар шүүмжлэлтэй хандах нь бий. Учир нь энгийн өдрүүдэд нэг автомашиныг 4000-5000 төгрөг, том автомашины угаалга 10000 төгрөг, харин баярын өдрийн нэмэгдэл болгон 3000-5000 нэмж тооцдог гэдэг. Гэтэл энэ удаад угаалгын газрууд нэг автомашиныг овроос нь шалтгаалан 10-30 мянган төгрөгөөр угаалаа. Тодруулбал, хотын захаар байрлах авто угаалгын газрууд 10-15 мянга, хотын төвд байрлалтай авто угаалгын газрууд бүгд 20-30 мянган болгон үнээ нэмжээ.
Сар шинийн баяраар хүн бүхэн цэвэрхэн, цэмцгэр автомашинаар зорчихын тулд авто угаалгын газарт дугаарлан зогсдог энэ үеийг далимдуулан үнээ хэд дахин нэмсэнд жолооч нар багагүй бухимдав. Хэдийгээр авто угаалгын газрууд бүгд хувийн өмч хэдий ч үйлчилгээнээсээ хэтэрсэн үнэ нэхдэг асуудлыг хянах боломжгүй байгаад жолооч нар шүүмжилж байлаа.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ