
2010 оны гуравдугаар сарын 15-нд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд хоёр нас 8 сартай охин, 10 сартай дүүгээ галын аюулаас аварч, сонссон хэн бүхний сэтгэлийг хөдөлгөсөн гайхамшигтай явдал тохиолдсон билээ. Тухайн үед аав Буянбат хоёр нас найман сартай, мөн арван сартай хоёр хүүхдээ гэртээ үлдээгээд эхнэрийн хамт малдаа явсан хойгуур гал гарч гэр нь шатжээ.
Эцэг эх нь ирэхэд гэр нь бүрмөсөн шатчихсан байхыг хараад уйлж, орилж сандарч зогсоход 40 гаруй метрт байх малын саравчны нөмөрт хүүхдийн уйлах дуу гарсан аж. Гэтэл хоёр настай охин Саранчимэг нь арван сартай дүү Наранчимэгээ шатаж байсан гэрээс чирч гарган саравчны нөмөрт суулгаад өөрийнхөө өмсч байсан цамцыг нөмрүүлэн чичирч суусан гэдэг. Хоёр настай Саранчимэг охины баатарлаг үйлсийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шударга журам” медаль олгож байсан юм.
Дүү Наранчимэг нь гал гарах үеэр гар хөлөө түлсэн бөгөөд сайн санаат хүмүүсийн тусламжаар хагалгаанд орж, эрүүл саруул болж байна. Тодруулбал, 2012 оны хоёрдугаар сарын 6–ны өдөр Наранчимэг охин АНУ-ын Бостон хотноо түлэгдсэн хөлөндөө хагалгаа хийлгэхээр очсон аж. АНУ-ын иргэн Сас Кари тэргүүтэй Номадикэйрийн аяны америк хүмүүс энэхүү үйлсийг санаачлан зохион байгуулж, Вермонт мужийн Сенаторийн тусламжтайгаар Наранчимэг охин, ээж Орхон, орчуулагч Мөнхжин нарын хамт тус улсыг зорьжээ. Мөн АНУ дахь монголчууд, MICC хөрөнгө оруулалтын банкныхан харилцагч болон хамт олон сайхан сэтгэлийн аян зарлаж, шаардлагатай бусад зардлыг нь хандивласан аж.

Өчигдөр буюу Шинийн 1-ний билэгт сайн өдөр хоёр настай Наранчимэг охины хагалгаа амжилттай болжээ. Бостон хотын дэлхийн хамгийн нэр хүндтэй, чанартай эмнэлгүүдийн нэг болох Шрайнерс эмнэлэг бүх эмчилгээ, мэс заслыг үнэ төлбөргүй хийж өгч байгаа аж. Нараа охин хөлний түлэнхийн сорвиноосоо болж хөлд орж чадахгүй байсан бол хагалгааны дараа 6-8 долоо хоног эмчлүүлэн бүрэн эдгэж, хөл дээрээ явдаг болох гэнэ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ