
УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсч таван хүн амь үрэгдэж олон арван цагдаагийн албан хаагч гэмтэж бэртсэн хэрэгт тухайн үеийн цагдаагийн удирдлагуудыг холбогдуулан шалгасан юм. Хэдэн жилийн турш мөрдөн байцаалт нь сунжирч хэрэгсэхгүй болж байсан уг хэргийг нөгөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчид хэлэлцэнэ.
Өмнө нь албан тушаалын байдлаа хэтрүүлсэн гэсэн зүйл ангиар шалгагдаж өршөөлд хамрагдсан хошууч генерал Ч.Амарболд нарт холбогдох хэргийг Ерөнхий прокурорын даалгавраар Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд сэргээн шалгаж зүйл ангийг нь өөрчилсөн юм. Хэргийн мөрдөн байцаалт ч дуусч хяналтын шатнаас тэдэнд гурван зүйл ангиар ял төлөвлөж хавтаст хэргийг нь Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм.
Цагдаагийн экс дарга нарын хэрэг шүүх рүү шилжсэн өдрөөс хойш тэдний ар гэрийнхэн, өмгөөлөгч нараас нь гомдол гарч, хэвлэл мэдээллийн байгууллагад хандах болсон.Тэднээс гадна Цагдаагийн ерөнхий газрын дарга хошууч генерал Д.Сандаг-Очир ч шүүхэд хандаж хүсэлт гаргаж байв.
Хүсэлтийг тодруулбал “Цагдаагийн албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотой асуудлаар шалгагдаж байгаа цагдаагийн алба хаагчдын хүсэлтийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын удирдлага хүлээн авч уулзан, холбогдох хэрэгтэй холбоотой асуудлаар дурдагдсан асуудлаар хүсэлт гаргаж байна.
Үүнд Монгол Улсын Их хурлаас 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсгийн “цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гал түймэртэй тэмцэх байгууллагын офицер, ахлагч, гал сөнөөгч, хорих байгууллагын алба хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг хүчингүй болгосон.
Цагдаагийн алба хаагч нь Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3,4 дүгээр зүйлийн заалтаар цэргийн алба хаагчдын ангилалд хамаарагдахгүй байна. Иймд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдыг Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлд заасан цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан хууль эрх зүйн үндэслэлтэй эсэхийг тогтоохдоо анхаарна уу” хэмээжээ.

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэхь хэсэгт “мөрлөн байцаагч, …. нь хэргийн байдлыг ”тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохыг тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасан тул яллах талыг хэт баримтлан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан тухай гомдлыг шүүх эрх мэдлийнхээ хүрээнд хянаж өгөхийг хүссэн байна.
Мөн Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.6 дахь хэсэгт “яллагдагч өөрт холбогдсон хэргийн материалтай танилцах”, 217 дугаар зүйлийн 212.7 дахь хэсэгт “мөрдөн байцаагч хэргийн материалтай танилцах боломжийг бүрдүүлнэ” гэсэн заалтууд мөрдөн байцаалтын явцад хэрэгжээгүй гэдгийг хянан үзэх. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225, 226 дугаар зүйлийн заалтуудын хүрээнд хянан үзэж, шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэд уламжилж байсан юм.
Түүнчлэн Ч.Амарболд генералын өмгөөлөгч О.Алтангэрэл прокурорын байгууллагад хандан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний олон нийтэд дэлгэсэн сумны хонгио, цагдаагийн тэмдэглэл зэргийг шалгаж өгөх хүсэлтийг удаа дараа тавьсан боловч хүлээн авахаас татгалзсан хариултыг өгсөн гэж буй. Чухам тэрхүү хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг нийслэлийн Прокурорын газрын орлогч прокурор Ё.Сагсайгаас тодруулахад “ Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба 2008 оны долдугаар сарын 1-нээс хойш шалгасан. Нийтдээ 30 гаруй хавтаст хэрэг бүрдсэн. Мөрдөн байцаалтаар нотлогдох ёстой зүйлсийг бүх талаас нь шалгаад, тогтоогдсон, гэж үзэн улсын яллагч яллах шаардлагатай гэж үзэж байгаа учраас хэргийг шүүхээр шийдэх бололцоотой гэж үзсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтыг өмгөөлөгч, прокурор, шүүгч өөр өөрийнхөөрөө үнэлнэ.Тэр өмгөөлөгчийн, улсын яллагчийн, мөрдөн байцаагчийн үнэлж байгаа нотлох баримтыг шүүх үнэн зөвөөр нь шийдэх ёстой” гэсэн хариулт өгч байв.
Маргаан дэгдээгээд байгаа зүйл ангийн талаар тайлбар хийхдээ “Тэднийг эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар яллагдагчаар татаж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Харин хэргийг ерөнхийд нь журамласан зүйл ангийн тухайд гэвэл генерал Ч.Амарболдыг дотоодын цэргийн командлагч байсан гэдэг утгаар нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 274.2-т зааснаар зэвсэгт хүчин, бусад цэргүүд гэдэгт хамааруулж байгаа. Бусад цэргүүд дотор дотоодын цэрэг ордог.
Дотоодын цэргийн командлагч байсан Ч.Амарболдыг яллаж байгаа учир 274.2-т хамааруулсан. Харин 35 дугаар зүйлд Эрүүгийн хэрэгт хоёр буюу түүнээс дээш этгээд оролцсон бол бүлэг болох ёстой. Үүнд захиалагч, зохион байгуулагч, хатгагч, эсвэл гүйцэтгэгчийн аль нэг байна гэсэн үг. Тэгэхээр яллагдагчаар татагдсан дээрх дөрвөн хүнийг гүйцэтгэгч хэмээн үзэж энэ заалтаар журамласан юм” гэж Ч.Амарболд нарыг яллагдагчаар татсан эрүүгийн зүйл ангийг тайлбарлажээ.
Тэгэхээр ирэх даваа Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нар эхний ээлжинд шүүгдэнэ. Тэднийг холбогдох 21147006 дугаартай эрүүгийн хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 буюу гэмт хэрэгт хамтран оролцож гардан гүйцэтгэсэн гэсэн зүйлчлэлээр яллагдагчаар татсан билээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийнТусгай ангийн 274 дүгээр зүйлийн 274.2 буюу Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэсэн үндэслэлээр буруутгажээ.
Мөн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт зааснаар захирагч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр прокуророос ял төлөвлөжээ. Харин уг хэрэгт хамтдаа шалгуулж байсан Эргүүл хамгааллын газрын чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байсан дэслэгч Л.Ганболд, Эргүүл хамгаалалтын газрын их эмч Г.Тунгалаг, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Л.Мягмаржав, тус газрын эргүүл хариуцсан байцаагч хошууч Л.Мөнхбат, тусгай үүрэг гүйцэтгэгч Б.Мандах нарт холбогдох хэргийг дарга нарынх нь хэргээс тусгаарлан мөрдөн байцаалтын шатанд түр хугацаагаар түтгэлзүүлжээ. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногийн даваа гарагт болох шүүх хуралд үүрэг гүйцэтгэсэн нэг ч албан хаагчийн гэм бурууг хэлэлцэхгүй. Зөвхөн тушаал өгч байсан гэдгээр яллагдагчаар татагдсан экс дарга нар л гэм буруугаа шүүлгэнэ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ