”Викиликс”-ийг үндэслэгч Жулиан Ассанж баривчлагджээ

img

Жулиан Ассанжийг  Шведэд 2 эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр буруутгаж Европын Холбооноос баривчлах тушаал гаргасны хариуд Жулиан Ассанж  өөрөө Лондонгийн цагдаагийн газар  иржээ. Тэрбээр өөрийг нь буруутгаж буй хэргийг үгүйсгэж байгаа аж. Дэлхийн улс орнуудын  гадаад бодлогын нууцыг дэлгэсэн Викиликс веб сайтын үндэслэгчийг  шүүх хурал  энэ  сарын 14-нд болох юм байна. Түүнийг   Шведед байхдаа  Викиликс вебсайтын сайн дурын ажилтан 2 эмэгтэйг хүчирхийлсэн гэж  буруутгаж,   Шведийн яллагч түүнийг байцаах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Жулиан Ассанжийн өмгөөлөгч Марк Стийвен сэтгүүлчидтэй уулзахдаа ”Бид ямарч нотлох баримт олж харахгүй байгаа. Ноён Ассанжийг гүтгэж байна” гэжээ.

Харин АНУ-ын төрийн департаментын төлөөлөгчийн хэлж буйгаар Ассанжийг баривчилсан нь Их Британи болон Швед улсуудын дотоод асуудал юм байна. Тэрээр хэлэхдээ “Гэхдээ АНУ-ын 250 мянга гаруй нууц баримтыг дэлгэж, хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр бид өөрсдийн мөрдөн шалгалтаа явуулж байгаа.  Америкийн хуулиар нууц баримт задласан бол гэмт хэрэг.  Гадаад, дотоодын  иргэн  ч бай  хариуцлага тооцох ёстой. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа” гэжээ. Афганистанд ажиллаж байгаа Америкийн батлан хамгаалахын сайд Роберт Гэйтсээс Ассанжийн баривчлагдсан талаар асуухад “Дуулаагүй юм байна. Гэхдээ баяртай л мэдээ байна” гэжээ.  Викиликс вебсайт Дэлхийн улс орнуудаас  гадна Америкийн 250 мянга гаруй нууц баримтыг дэлгэсэн бөгөөд  шинэ баримтууд одоо ч гэсэн   олны хүртээл болсоор байна. Н. ЭРДЭНЭБУЛГА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ