С.Батболд: Монголын нийт 2.7 сая хүн амд энэ боломжийг ижил гаргаж өгнө

img

Цагаан сарын битүүний үдэш Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзаж ярилцсан юм. Энэ үеэр Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэвлэлийнхэнтэй хэрхэн ярилцсаныг хүргэе. ( UBS телевизийн сэтгүүлч Г.Итгэл) Манай улсад томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэн байгаа. Энэ бүтээн байгуулалтын ажилд боловсон хүчний бааз суурь хэр бүрдэж байна вэ ? -       Хөдөлмөрийн бирж болон бүртгэл дээр үндэслэсэн хөдөлмөрийн зах зээлийг холбож өгөх асуудлыг төр хийх ёстой.   Бүртгэгдсэн иргэн маань сургалтанд  хамрагдах хүсэлтэй бол түүнд хамруулж, ажлын байраар хангах энэ тогтолцоог төр зохицуулна. Тиймээс ч мэргэжлийн сургалтын төвүүдийг бид өнгөрсөн хугацаанд нэлээн олныг байгууллаа.  МСС болон Засгийн газраас энэ ажилд ч ихээхэн хөрөнгө гаргасан учраас БСШУЯ-аас энэ ажил юу болоод өнгөрөв гэдгийг шаардаж,  үр дүнг танилцуулах үүргийг өгөөд би өгөөд байгаа. Өнгөрсөн онд 70 мянган хүн ажилтай байртай болсон.  Гэхдээ ажилгүйдэл яудуурал буурсангүй гэх шүүмжлэл бий л дээ. Үүнд хариулах хоёр асуудал байна. Ажилгүйдлийн бүртгэл хийгдээд ирэнгүүт нөгөө ажилгүй байсан иргэд  бүртгүүлээд эхэлсэн. Ихэнх нь бүртгэлд байхгүй байсан байна шүү дээ. Шинээр нэмж бүртгүүлээд байгаа учраас ажилгүйчүүдийн тоо буурахгүй байгаа юм шиг харагдаад байгаа тал байна.  Ажилгүй байсан хүмүүс бүртгэлд орж байна гэдэг сайн үзүүлэлт . Сүүдэрт, далд байсан тэд ил гарч байгаа нь ахиц юм.  Одоо тэднийг мэргэжилтэй болгох чиглэлд өнгөрсөн жил нэлээн их анхаарлаа хандууллаа. Бодит үр дүн ямар байсан гэдгийг тун удахгүй би сонсоно. Хоёрдугаарт, ажилгүйчүүдээ тооцох статистик аргачлалын зөрүү байна. Дэлхийн банкны олон улсын аргачлалаар манай ажилгүйчүүдийн түвшин нэлээн буурч, бараг 10 хувьд хүрсэн байдаг. Гэтэл манай ҮСХ-ны гаргасан тооцоогоор энэ тоо 39 хувь дээр явж байна.  Олон улс болоод  Үндэсний жишиг яаж хийгддэг талаар ярилцаж нэгдсэн аргачлалд оруулах талаар мэрэгжлийн байгууллагууд ярилцаж байгаа. Юуны өмнө энэ аргачлалаа маш тодорхой болгох хэрэгтэй юм. Хөдөлмөрийн бирж болон шинэ бүртгэлийг үндэслэн  ажилгүйчүүдийн дунд  мэргэжлийн сургалт зохион байгуулах ажлыг төр хийнэ. Харин иргэдээсээ болон залуучуудаасаа хүсэх зүйл гэвэл ажил хийвэл ам тосдоно гэдэгчлэн хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Халамж шүтэж, залхуурлаас өөрсдийгөө авч гарч, идэвхтэй амьдармаар байгаа юм. Өнгөрсөн оны эхээр би хөнгөн үйлдвэрийнхэнтэй уулзаж байх үеэр Говь компани 400 гаруй хүний ажлын байр бий  байгаа ч долоохон хүнийг ажилд авсан тухай ярьж байсан. Яасан гэхээр нэхмэлчин, сүлжигч гээд мэрэгжлийн ажилтан олдохгүй байгааг учирлаж байсан. Ажил хийх, бас нарийн мэргэжлээр суралцах ийм санаачилга эрмэлзэл иргэдэд хангалттай биш байна. Тиймээс Засгийн газраас тэднийг хүссэн мэргэжилдээ эзэн болгох хэмжээнд мэргэшүүлэх, ингэсний хүчинд хөдөлмөрийн үнэлэмжээ зөв үнэлүүлж боломжит амьдралыг бий болгох тал дээр дэмжих ёстой гэсэн бодлогыг барьж байна. Мөн эдийн засгийн боломжийг ч тийш нь чиглүүлэх ёстой юм. Залуучууд маань  тийшээ очихгүй байна гэдэг зохион байгуулалтыг бид сайн хийж чадахгүй байна гэсэн үг. Үүнийг бид цаашид системчилж, өнгөрсөн жил тавьсан энэ сууриа эрчимжүүлэх болно гэдгийг Засгийн газрын тэргүүний хувьд хэлмээр байна. -       (Eagle телевизийн сэтгүүлч Баасанбямба) Саяхан манай телевизийн сурвалжлах баг Оюутолгой төслийн явцтай танилцаад ирсэн. Хүдэр олборлох хугацааг наашлуул гэж Монголын Засгийн газар  шаардаж байгаа тухай баримтыг тус төслийнхөн ярьж байна гэнэ. Хэрвээ үнэн бол яагаад ингэж шаардах болсон бэ.. Хүдрээ хурдан олборлоод эдийн засгийн эргэлтэд хурдан ороосой гэх иргэн миний яарсан сэтгэл бол бий. Гэхдээ дээрх энэ асуудал сонгууль угтсан ажил биш байгаа, нөгөө талаас гадны хөрөнгө оруулагчдад монголын Засгийн газар хэлсэндээ хүрдэггүй гэх болгоомжлол төрсөн юм биш байгаа даа....  -       Ийм яриаг дуулаагүй юм байна. Монголын Засгийн газар бүх юмыг цагаар тооцоолоод тас гээд тавьчихдаг бол сайхан л хэрэг. Эдгээр томоохон төслүүд эргэлтэд хурдан л орж байвал мэдээж хэрэг маш сайн хэрэг. Харамсалтай нь бидний хүссэнээр болохгүй байгаа зүйл байна. Өөрөөр хэлбэл зах зээл, ажиллах хүчээс эхлээд эдийн засгийн асуудлууд ч байна. Оюутолгой төслийн хувьд бид онцгой анхаарч байгаа. Нэг сарын , нэг хоногийн өмнө л ашиглалтад орж байвал Монгол улсын эдийн засагт л үр өгөөжтэй. Бид “ Эрдэнэт” үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Монгол улсын эдийн засагт ямар их үр өгөөж дэмжлэг болсон билээ. Тэгвэл “ Эрдэнэт”-ээс 3-5 дахин том үйлдвэрийг нэг сарын өмнө оруулах тусмаа манай эдийн засагт төдий чинээ ашиг тусаа өгч,  дэмжлэ болох нь маш тодорхой. Тавантолгой дээр ч бид бас шуурхайлах бодлого барьж байна. Шахаж ажиллах зарчмыг бид мэдээж тавьж байгаа. Таны асуусанчлан Оюутолгойн удирдлагуудад бид тийм шаардлага тавиагүй. Буруу ташаа мэдээлэл байна гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ямар түвшинд гарсан яриа юм бол, үүнийг шалгаж тодруулъя гэдгийг бодож суулаа.  Зах зээлийн горимоор явж буй процессыг цаг хугацаа заагаад шавдуулж болохгүй шүү дээ.  Дутуу барьсан барилгыг нээж буйтай адил.  Харин Оюутолгой төслийн зүгээс эрчим хүчний найдвартай эх үүсвэр хангагдаж чадаагүй ийм нөхцөлд ямар шийдэл байх ёстой вэ, үүнийг цаг алдалгүй шийдэж өгөөч гэсэн шахалтыг бидэнд үзүүлж байгаа. Та нар энэ асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэхгүй бол төслөө цааш үрглэжлүүлэн явуулах боломжгүй болно шүү гэдгийг Оюутолгой төслийнхөн Монголын Засгийн газарт дарамт шахалтыг үзүүлж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ажлаа хурдан хий гэж шаардах нь бидний үүрэг, нөгөө талаас тэд боломж нөхцөлийг бүрдүүлж өг хэмээн шаардах нь бас тэдний л үүрэг. Харилцан хоёр талаас ярьж байж л ажлыг шуурхайлах ёстой.  Томоохон төслүүдийн үр дүнг  болж өгвөл энэ онд  гаргах ёстой гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзэж байгаа. Бас тийм чин эрмэлзэл ч байна. -       (Өнөөдөр сонины сэтгүүлч Б.Энхцэцэг ) Та саяхан намын бага хурал дээрээ Олигархийн компаниас ард түмний засаглал руу шилжинэ хэмээн итгэл тавьсан нь одоо ярианы сэдэв болж байна. Ингэж мэдэгдсэнээрээ С.Батболд өөрийгөө олигарх гэдгээ зөвшөөрчлөө гэж.. Ард түмний засаглал руу шилжүүлэхээс өөр аргагүй болоод байгаа одоогийн засаглалын талаар та юу хэлэх вэ, яаж ард түмний засаглал руу шилжүүлэх юм? -       Буруу ойлголт байна. Ерөөсөө улс орнуудын хөгжлийн түүх бол засаглалаасаа хамааралтай байдаг юм байна.  Баян, ядуу, хөгжингүй орнууд гэж 3 төрлийн орон байна. Байгалийн асар их баялагтай мөртлөө ядуурсан орон тухайлбал, Африкийн орнууд байна. Байгалийн баялаг үнэт зүйл нь цөөнхдөө төвлөрчихсөн ийм засаглалтай улс орон ядуу байдаг юм байна. Баян орон гэж байна. Арабын орнуудыг жишээ болгон ярьдаг. Гадныхныг нэлээн их авчирч ажиллуулж, өөрсдөө бараг ажил хийдэггүй.  Боломжийн орлоготой, бас боловсролтой. Өндөр халамжин дор сайхан амьдардаг хэдий ч хөгжилтэй гэж хэлэхгүй. Баялаг байхгүй мөртлөө хөгжчихсөн орон байна .  Боловсрол, эрүүл мэнд болон санхүүгийн үйлчилгээ , далай тээвэр, мэдээлэл технологиороо хөгжөөд ард түмний амьдрал нь дэлхийд тэргүүлэх зэрэгт очсон Сингапур, Япон, Солонгос зэргийг нэрлэж болно. Улс орон нь хөгжингүй, ард түмэн нь бүтээгч. Миний илтгэл дээр ярьсан гол зүйл нь Монгол улс тодорхой хугацааны дараа ийм хөгжингүй, бүтээгч  орон болох ёстой гэсэн санаа юм. Тэгэхийн тулд бид хоёр гурван зүйл дээр анхаарах ёстой юм байна. Эдгээр улсуудын хамгийн гол ялгаа нь засаглалаас хамаардаг. Нээлттэй, ил тод, олонхий оролцоотой ийм засаглалтай оронд хөгжил дэвшил ирдэг. Зөв засаглал гэдэг бидний сонгосон ардчилсан тогтолцооноос гадна Сингапурын тогтолцоо бол маш зөв хэлбэр. Засаглал 2 түвшинд байна. Төрийн засаглал нь нээлттэй тунгалаг байх ёстой. Дараагийн шатанд байгаа хэлбэр нь өмчийг хувиарлах компаний засаглал. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын зах зээлийн нийгмээс өвлөж авсан  хувийн хэвшлийн, үндэсний аж аухйн нэгжүүдийн  гээд дэвшилттэй зүйлүүд бий. Гэхдээ эдгээр нь засаглалын нэг л хэлбэр буюу цөөнхийн засаглалын руу  явчихсан. Цөөнхийн  гарт илүү их эрх мэдэл, хувиарлалт төвлөрсөн байна. Үүнийг шийдэж чадаагүй улс орон хөгжиж чаддаггүй юм байна. Компаний засаглалын яаж ил тод, тунгалаг болгох вэ, цөөнхийн  засаглалыг яаж олон нийт, ард түмний болгох ёстой вэ гэдэг асуудлыг шийдчихсэн жишиг байна. Тухайлбал, хамгийн ойрхноор жишээ авахад БНХАУ-ыг нэрлэж болно. Дэлхийн эдийн засгийн төв, 10 жилийн дараа АНУ-ын өмнө гишгэнэ гээд л ярьдаг. Тэд хөрөнгийн зах зээлээ маш сайн хөгжүүлж, ард иргэд нь энэ зах зээл рүүгээ  идэвхтэй орж чадсан. Улс орноо маш хурдцатайгаар ядуурлаас гаргаж байгаа орон. Засаглалаа маш ойлгомжтой  цөөнхөөс олонхи руу шилжүүлж чадсан байгаа юм. МАН бол ардчилсан үзэл баримтлалтай, зүүн төвийн нам. Энэ намын үндсэн үзэл бол нийгмийн амьдрал, хүний эрүүл мэнд, боловсрол,ажил тэтгэвэр тэтгэмж гээд энэ бүх асуудал дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Хүний амьдрал чадалтай, чадваргүй гээд янз бүрийн хувь тохиолтой. Үүнд төрөл зохицуулалт хийх учиртай. Төр нь  эдийн засгийн шударга хувиарлалтыг хангаж өгөх зохицуулалтыг хийж өгөх ёстой. Үүнийг ярих биш ажил болгох механизмыг гаргаж ирсэн нь хөрөнгийн зах зээл. Төрийн өмчийн компаниуд хувьчлагдаад нэг эзэн, нэг компаний гарт очдог бол үүнийг больё гэдэг санаа юм.  Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт  гэх мэтчилэн эдгээрийн хувьчлалыг хөрөнгийн зах зээлээр явуулна. Хэн нэгэн  2-3 олигарх  нийлээд хувьчлаад авч болохгүй юм. Монголын нийт 2.7 сая хүн амд энэ боломжийг ижил гаргаж өгнө. Ингэж олонхийн нээлттэй, ард түмний засаглал руу явуулна. Мөнгөтэй нэг нь түрүүлээд авчихна шүү дээ гэх болгоомжлол магадгүй байж болох юм.    Түүнд хязгаарлалт тавина. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн нэг том компани эсвэл уурхай хувьчлагдахдаа ард түмний компани болж хувьчлагдана. Цөөнхийн  гарт биш ард түмний гарт очдог ийм засаглалтай болно.  Сүүлийн үед би томоохон компаниудыг хөрөнгийн зах зээл руу гар гэдэг шаардлагыг тавьж байгаа. Тэгэх юм бол тэд хөрөнгийн зах зээлийн тоглоомын дүрэм, хууль дүрэм  зохицуулалт нь олон улсын жишиг, стандартад хүрнэ. Сүүлийн хоёр жил хатуу шаардлага  тавиж ажиллаж байна. Хөрөнгийн зах зээл, зөв засаглалыг гаргана гэдэг жинхэнэ нөгөө олигархжсан засаглалаа ард түмний компани болох засаглал руу шилжүүлж буй үндсэн хэлбэр. Үүн рүү том компаниуд бүгд орох ёстой. “Та шинэ маягийн улс төр, соёлыг оруулах гээд байна”  гэж түрүүн Ганчимэг надад хэллээ. Энэ бол ердөө л энэ юм шүү дээ. Түүнээс биш ширээ шаагаад, ганц хоёр хүнийг ажлаас л халснаар энэ засаглал сайжрахгүй байна. Сайжирдаг байсан бол сайжрахаар л цаг хугацаа боллоо шүү дээ. Өвчний оношийг зөв тавиад, тэгээд эмчлэх хэрэгтэй.  Эрх мэдэл, өмчийн хуваарилалтыг ил тод болгоод өгвөл улс төр рүү нөлөөлдөг нөлөөлөл нь ил тод болоод л эхэлнэ. Төрийн үйлчилгээ дарамт шахалт биш, ил тод төрийн үйлчилгээ байх ёстой. Зөвшөөрлийн тогтолцооноос бүртгэлийн тогтолцоо руу оруулъя гэсэн үг. Бүртгэдэг түшмэл өнөөдөо олигрх болчоод байна шүү дээ. Энэ этгээдийг бүртгэдэг хүн болгоё. Ингэхийн тулд стандарт тавьж өгнө. 17 шаардлага хангасан хүн автоматаар зөвшөөрлөө авдагийм стандарт тогтоож өгье. Ингэвэл олигархжсан компани, олигарх түшмэдүүдийн ажил аяндаа нээлттэй, тунгалаг болоод ирнэ. Энэ агуулгаар би илтгэлээ би тавьсан. Манайхан Батболд бизнес хийж байсан юм гэнэ лээ. Олигарх л гэнэ. Энэ бол бидний 20 жил  явж ирсэн алдаа. Систем оношлогоогоо зөв тавьж,ямар технологиор ямар засаглалыг гаргах вэ гэдэг энэ асуудал бол шинэ хандлага. Үүнийг зав гаргаж ирэх асуудлыг агуулгаар нь ярьж, нийгэмд зөв ойлгуулж, зөв бодлого болгож явуулах хэрэгтэй байгаа юм. Сэтгэлгээний өөрчлөлт ч бас бидэнд хэрэгтэй байна. -       (Үндэсний шуудан сонины тоймч Б.Ганчимэг) Та улс төрийн том намыг толгойлж байгаа. Ялалтын менежер гэдэг нэрээрээ алдартай Баярын хийсэн амжилттай таныг жиших байх. Та намаа удирдаж, сонгуульд ялуулах баттай итгэл байна уу.. -       Түрүүн би дээр дурьдлаа. Ард түмэн их мэдээлэлтэй болжээ гэж. Өнөөдөр тэд хэн нэгэн лидер, хувь хүн сонгохоос илүүтэй миний амьдралд юу хэрэгтэй байна гэдэг ухамсар, түүнийгээ шийдэж чадах хэмжээнд төлөвшил бий болжээ. Миний амьдрал яаж урагшлах юм, хэн ямар бодлого дэвшүүлж байгааг тунгаан сууж, нухацтай харж чаддаг болсон байна. Иргэний нийгмийн төлөвшил руу ингэж явах ёстой. Би их практик талын хүн. Нөгөө талаасаа бид энэ лидер бол ялалтын агуу ир мастер гэх сэтгэлгээнээсээ гармаар байгаа юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв бодлоготой, зөв судалгаа тооцоотой , зөв хөтөлбөр дэвшүүлж чадвал энэ бол амжилтын үндэс болно гэж би боддог. Ер нь аливаа ажил ч тйим байдаг биз дээ. Техник эдийн засгийн үндэслэлээ зөв хийгээд явбал тэр төслийг удирдсан менежер нь тийм  чухал гэж үү. Оюутолгой төслийг маш сайн хийгээд, тэр төсөл босох нь чухал болохоос хэн удирдаж байгаа нь хэнд ч сонин биш. Үүний адил Монгол улс урагшаа хөгжин дэвжих хэрэгтэй. Ийм боломж нөхцөлийг манай Засгийн газар өнгөрсөн 3 жилийн хугацаанд бүрдүүлсэн. Одоо энэ бүрдчихээд байгаа нөхцөлийг үр дүн болгох ёстой гэж боддог. Тэр үндэс суурь үр тариаг цацачихсан байна. Үүн дээ үндэслэсэн “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-өө шинжлэх ухааны үндэстэй,системтэйгээр явуулах хэрэгтэй юм. Зөвхөн монгол үндэслэлээс гадна, олон улсын жишиг, дэвшил технологи, аргачлалд нийцсэн энэ зарчмаар боловсруулаад тавьсан байгаа. Одоо хэрэгжүүлэх л хэрэгтэй. Тэр боломжийг ард түмэн өөрсдөө харж байгаа гэдэгт итгэж байна. Нэг үе шат ньдууслаа. Дараагийн үе  хэрэгжих   шат нь эхлээд байна. Үүнийг туйлбартайгаар үр дүн болгох бодлого, чадвар туршлага нь бидэнд, манай намд , Засгийн газарт байна. Тиймээс хэрэгжүүлж чадах итгэл ч дүүрэн байна. Ард түмэн маань мэдэж байгаа гэдэгт би итгэж байна.  Үүнийгээ бид ойлгуулахын төлөө ажиллах болно. Нэг хүн, нэг лидерийг сонгож байгаа биш зөв амьдрал, зөв хөгжил дэвшлийг сонгох асуудлыг ярьж байна. Энэ нь тогтвортой, хөгжил дэвшил руу явсан зөв засаглал, бодлого байх ёстой.  Усан луу жилдээ бодитой ажил болгож, итгэл дааж зүтгэж  чадна гэдгийг ард түмэндээ энэ завшааныг ашиглан хэлье. -       Ингээд ярилцлага маань өндөрлөж байна. Нэг ярилцлага хийхдээ 20-иод асуулт асуудаг бидэнд энэ удаа хоёрхон асуулт асуух боломж гарлаа. Бид бие биетэйгээ ингэж ярьж суун  Засгийн газрын тэргүүнээс мэдээлэл авна гэдэг хамгийн хэрэгтэй зүйл. Ийм хэлбэрийн ярилцлага цаашид олон дахин үргэлжлээсэй гэдэг ерөөлийг тавиад ,Нийт уншигч үзэг ч та бүхэндээ сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж ерөөе. Ингээд  Ерөнхий сайдынхаа ерөөлийг ч бас сонсоё... -       Сар шинийнхээ өмнө, битүүний өдөр ингэж сэтгүүлчидтэйгээ ярьж суух боломж олгосон та бүхэндээ баярлалаа. Аливаа зүйлд алдсан , оносон зүйл байдаг л байх. Улиран  одож буй туулай жил улс орны хувьд хөгжил дэвшлээрээ  оносон ололт, амжилт нь илүү их байсан гэж Засгийн газрын тэргүүн хувьд хэлмээр байна. Засч залруулах, сайжруулах зүйлүүд ч бий гэдэг нь ч мэдээж хэрэг юм. Гарч буй усан луу жил Монгол улсын, Монголын ард түмний минь  хувьд өрх гэр болгоны хувьд, иргэн бүрийн хувьд бодсон санасан зүйл нь урагшаа ахисан, өөдрөг гэрэл гэгээ итгэлийг нэмэгдүүлсэн ийм сайхан жил байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Улс орны амьдралд улс төрийн сонгуулийн хариуцлагатай жил болно. Улс орон маань тайван амгалан, эв эеийг хичээсэн, хөгжлийн төлөө хүчээ нэгтгэсэн, төр нийгмийн зөвшилцөл нь шинэ шатанд гарч чадсан, эдийн засгийн хөгжил нь улам идэвхжин эрчимжсэн ийм сайхан жил байгаасай. Нийт ард иргэддээ сар шинийн мэндийг дэвшүүлж, сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж ерөөе. С.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

амарсанаа:
сая төгөргийн зүгээр шууд өгөх хэрэгтэй, бас нэг юм нэмэж хэлхэд,оюутнуудад 1000000 төгөргийг тэтэглэгээс гадна өгөх хэрэгтээ,бас эх орны хишгийг хүн бүрт тэнцүү хувааж өгөх нь зөв байх,сар бүр ашгаа авдаг,насан дуршийн орлогон нь тэр болно,тэгвэл монгол орон баян иргэдтээ болж улс орон хөгжинө
2012-03-16
доржпалам:
ТАВАН ТОЛГОЙ ОЮУ ТОЛГОЙ ЧИНЬ ХЭНИЙ ӨМЧ ЮМ БЭ. С.БАТБОЛД ТАНЫ ӨМЧ ТА АРД ТҮМЭНДЭЭ ТАРААЖ ӨГӨХ ГЭЭД ГАЙХУУЛААД БАЙГАА ЮМ УУ. ҮГҮЙ Л БОЛОВ УУ АРД ТҮМНИЙ ӨМЧИЙГ АРД ТҮМЭНД НЬ ШУДРАГААР ХУВИАРЛААД ӨГЧИХӨЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ӨӨРИЙНХӨӨ ЮМНААС ӨРӨӨЛД БУЯН ХИЙЖ ТАРААЖ ӨГӨХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ГЭДИЙЖ СУУЖ ИРЭЭД ЯРИХ ЮМ. ТА НАР БАЙСАН БАЙГААГҮЙ АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨ МОНГОЛ УЛСЫН ӨМЧ. БОРОГОУЛДЫГ ЧИ ХЭРХЭН ӨӨРИЙН БОЛГОЖ ЗАЛГИЖ ГАНЦААРАА ХУВЬ ХҮРТСЭН БИЛЭЭ. ОДОО ШУДРАГА МОНГОЛЧУУДАД ЗАЙ ТАВЬЖ ӨГДӨӨ
2012-02-28
доржпалам:
ЗҮҮН ТӨВИЙН КОММУНИСТ НАМЫН ЧАДДАГ ЮМ НЬ АРД ТҮМНЭЭ ХУУРАН МЭХЛЭХ ХУДЛАА ЯРИХ ХУУРАМЧ АМЛАЛТ ӨГӨХД Л ОРШДОГ ЮМ. АЖИЛЧ ХИЧЭЭНГҮЙ ТЭМЦЭГЧ АРД ТҮМЭНТЭЙ УЛС ОРОНД ЭД ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛДОГ ЮМ. ЭНЭ 4 ЖИЛД ЭНЭ НАМЫН ЗҮГЭЭС ХИЙСЭН ТЭР ИХ ЮМ НЬ ХААНА БАЙНА. СОНГУУЛЬ ДӨХӨӨД ИРЭХЭЭР БӨӨН ЮМ ЯРИАД ИХ ЮМ ХИЙХ ГЭЭД ЦАГ ХУГАЦАА НЬ ХҮРЭХГҮЙ БАЙГАА ДҮР ЭСГЭЖ СУУНА. НОВШУУД. ТА НАРТАЙ НАРГҮЙ АРД ТҮМЭН ОЮУ ТОЛГОЙ ТАВАН ТОЛГОЙГОО ЭДЛЭХ ЦАГ УДАХГҮЙ ИРНЭ. ХАРИН ТА НАР БАЙХГҮЙ БОЛ БИДЭНД БҮҮР ИХ ХЭМЖЭЭГЭЭР ШУДРАГААР ХУВИАРЛАГДАН ИРНЭ. ТА НАРЫН АМЛААД ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА САЯ ТӨГРӨГ БОЛ ЮУ Ч БИШ ЭЭ.
2012-02-28
400000$:
Оюутолгойгоос 300,000$ +Тавантолгойгоос 100,000$ = 400,000$ бол Монгол улсийн 2,7 сая иргэн болгонд очиж байгаа.
2012-02-28
bat:
2.7 сая иргэдийн дансанд тус бүр 1 сая доллар хийгээд бүгд ижил гараанаас эхлүүл: -Тэдэнд хямд байрны зээл хэрэггүй бүгдийг болгоно. -Тэд ихээхэн татвар төрдөө төлнө. -Улс төрчидийг тайван ажилуулна -Эмнэлэг үйлчилгээ төлбрийг хүн бүр төлнө -18 насанд хүрээгүй хүүхдийн мөнгийг хэн ч авахгүй -Хэрэг хийгээд байгаа хүнийг энэ мөнгөнөөс нь суутга. -Засгийн газар томроно доо Гэр хороололын утаа багсана.
2012-02-27
амарсанаа:
сая төгөргийн зүгээр шууд өгөх хэрэгтэй, бас нэг юм нэмэж хэлхэд,оюутнуудад 1000000 төгөргийг тэтэглэгээс гадна өгөх хэрэгтээ,бас эх орны хишгийг хүн бүрт тэнцүү хувааж өгөх нь зөв байх,сар бүр ашгаа авдаг,насан дуршийн орлогон нь тэр болно,тэгвэл монгол орон баян иргэдтээ болж улс орон хөгжинө
khaliun:
хөдөлмөрийн биржүүд төрөөс хөрөнгө аваад ажилгүй хүиүүст үнэ төлбөргүй мэргэжил олгож байгаа юу муу хөдөлмөрийн биржүүд хүн бүртгээд л сууж байдаг шүү дээ тийм гаяар үнэгүй сургалт явуулж байга гэж хэлдэггүй заж өгдөгүй байхаа
2012-02-27
ha:
ulger sonssor olborch uhehnee
2012-02-27