
Улаанбаатар хотын байгаль экологитой холбоотой олон асуудал байдаг. Үүний нэг нь Туул голын эргээс 100-гаадхан метрийн зай дахь Харгиа цэвэрлэх байгууламжийн өмнөх талбайд арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал болон хуримтлагдсан 30 мянган тонн лаг.
Олон жил ариутгал цэвэрлэгээ хийлгүйгээр ил задгай хаяж хуримтлагдсан хог хаягдлыг зөөж цэвэрлэх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн аж. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд туслалцаа үзүүлэхийг Бүгд найрамдах Чех улсад хүсэлт тавьсны тус улсын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар Морингийн даваанд тусгай тусгаарлагч бодисоор тусгаарлан булах төсөл хэрэгжүүлж буй.
Уг төслийг МХЕГ-аас түр зогсоогоод байгаа тул Чехийн талын төлөөлөгчид өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдтой уулзаж холбогдох газруудтай нь ярьж энэ асуудлыг даруй шийдвэрлэж өгөхийг хүслээ. БОАЖ-ын сайдад үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулан, БОАЖЯ-ны дэргэдэх Аюултай хог хаягдлыг зохицуулах зөвлөлд асуудлыг оруулж, ойрын үед шийдвэрлүүлнэ гэдгийг хотын орлогч хэлсэн аж.
Төсөл эхэлснээс хойш хуримтлагдсан лагны 50 хувийг зөөсөн бөгөөд Чехийн тал энэ ажилд ашиглаж буй олон улсын жишигт нийцсэн технологидоо 100-150 жилийн баталгаа гаргажээ. Нэг хэсэг хувьчлагдаад бараг ашиглагдахаа болиод байсан Харгиа цэвэрлэх байгууламжийг хот эргүүлэн авч, нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болгон технологийн шинэчлэл хийсэн юм. Холбогдох газрууд шийдвэрээ даруй гаргаж, ажил үргэлжилбэл хотын төвийн ойролцоо, Туул голын дэргэд буй хортой хог хаягдлыг зайлуулж, цэвэрлэх ажил тавдугаар сарын 1 гэхэд дуусгахаар төлөвлөөд байгаа аж.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ