
Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганы 1990 оны шийдвэрээр жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр” болгон зарласан байдаг. Энэ жил Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг “Иргэний хамгаалалт ба дотоод дахь гамшиг осол” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхээр зарлаад байгаа аж.
Манай улс Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны арвандүгээр сарын 04-ний өдөр жинхэнэ гишүүнээр элссэн ба Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцсоор иржээ.
Харин Олон улсын иргэний хамгаалалтын тусламжийн тухай конвенцид 2004 оны зургадугаар сарын 16-ны өдөр нэгдэн оржээ. Уг өдрийг тэмдэглэх нь гамшгийн нөхцөл байдлын үед өөрийгөө хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, сонор сэрэмжийг дээшлүүлэх үйл ажиллагаа нь чухал ач холбогдолтой аж.
Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан улс орнууд хурал зөвлөгөөн, радио телевизийн хэлэлцүүлэг, нээлттэй өдөрлөг, гамшгаас урьдчилан сэргийлэх дасгал сургууль зэрэг олон үндэсний хэмжээний арга хэмжээг санаачлан зохион байгуулдаг бөгөөд энэ нь тухайн байгууллагад ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийн чадавхи болон өөрийн орны Иргэний хамгаалалтын бүтцийг тал бүрээс нь үнэлж дүгнэх боломжийг олгодог.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ