Д.Цогтбаатар: Гадныханд баярлалаа гэж хэлмээр байна
Нийслэлийн 1.400 мянга гаруй иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрахад орчны, хөрсний, агаарын, усны асуудал хамгийн чухал. Иймд БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, тэдний ажилтай танилцаж эхэлсэн. Тэрбээр өчигдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа “Урьдчилсан цэвэрлэх байгууламж” НӨҮГ болон Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Морин давааны хогийн цэгт Цэвэрлэх байгууламжийн хаягдал лаг булшилж байгааг үзэж танилцав. Түүний энэхүү танилцах ажлын бүрэлдэхүүнд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд, БОАЖЯ-ны мэргэжилтнүүд болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Арьс ширний 29 компани химийн бодис, хромтой ус нийлүүлдэг
Хуучнаар "Харгиа" буюу одоо "Урьдчилан цэвэрлэх байгууламж" нийслэлийн өмчит үйлдвэрийн газар нь өдөрт 13 000 м куб, жилд 3 250 000 м куб технологийн хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай. Тус байгууллагын хувьд арьс ширний үйлдвэрүүдийн химийн хороор бохирлогдсон ус, хог хаягдалыг хүлээн авдаг байна. Арьс ширний таван компанийн бохирдсон усыг хүлээн авах хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар 29 компани арьс шир боловсруулсан бохир усаа нийлүүлдэг гэнэ. Хүчин чадлаас үл хамааран бохирдсон усыг өөрсдийнхөө нөөц бололцоогоор цэвэрлэж Төв цэвэрлэх байгууламж руу илгээдэг аж.
Ерөнхий захирал Б.Инжинааш: Харгиа цэвэрлэх байгууламж нэртэй анх 1970-аад оны үеэс үйл ажиллагаага эхлүүлсэнээс хойш одоог хүртэл хийгдээгүй нэг ажил бий. Энэ бол бохирдсон усыг цэвэрлэх явцад гардаг өтгөн буюу лаг. Байгууллагынхаа хашаанд тусгай талбайд цемэнтэн дэвсгэртэйгээр энэхүү лагийг хаясаар 40 гаруй жилийн нүүр үзэж байна. Лаг нь цемэнтэн сууринд байрлаж байгаа ч доош нэвчиж, хөрсийг бохирдуулж, туулын усанд ч нөлөөлөх магадлалтай. Тиймээс бид өнгөрсөн онд Чех улсын төслийн багийнханд санал тавин хуримтлагдсан лагийг хотоос зайдуу булах төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд бэлтгэл ажил, судалгаа шинжилгээг хийсний дагуу энэ оны нэгдүгээр сараас хуримтлагдсан лагийг тээвэрлэн Морингийн давааны хогийн цэгт булж эхэлсэн. Нийт 30 мянган тонн лаг булахаас одоогоор 13 мянган тонн-ыг зайлуулаад байгаа. Гэвч МХЕГ-аас лаг зайлуулах ажлыг түр хугацаагаар хаагаад байна. Учир нь лаг зайлуулах зөвшөөрлийг МХЕГ-аас авагүй гэх шалтгаанаар хаасан. Бид холбогдох зөвшөөрлийг удахгүй авна.
Дэд захирал, ерөнхий инженер З.Занданхүү: Манай байгууллагын ачаалал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, арьс ширний компаниудаас нийлүүлэгдэж буй усны бохирдол зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэдэн зуу дахин илүү ирж байгаа. Хэдийгээр хүчин чадлаас давсан ч боломж бололцоогоороо цэвэрлэж, усыг хоргүйжүүлэн Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг. Бид үйлдвэрлэлийн хромын агууламжтай бохир ус, химийн найрлагатай бохир усыг тус тусад нь цэвэрлэж байгаа. Химийн иж бүрэн цэвэрлэгээ хийснээр бохир уснаас хромыг ялгаж авна. Ялгаж авсан хромыг үйлдвэрүүдэд эргүүлж ашиглана. Мөн эвгүй үнэр гаргадаг, лаг үүсгэдэг, биологийн цэвэрлэгээ хийснээр хоргүйжүүлсэн усыг Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг.
БО-ны сайд Д.Цогтбаатар “Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах эрх нь зөрчигдөж байгааг улам бүр мэдэрч байна. Гадны улс орны төсөл, санхүүжилтээр байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байгаа нь нэг талаар харамсалтай санагдлаа. Энэ байгууллагын хувьд ачаалалаасаа хэд дахин давсан үйл ажиллагааг эрхлүүлж байна. Тиймээс УИХ-аар байгаль орчны багц хуулийг яаралтай батлуулах шаардлагатай байна. Байгаль орчинг бохирдуулсан нөхдөөс төлбөрийг гаргуулж, санхүүжилтын асуудлыг шийдвэрлүүлдэг болох хэрэгтэй. Ингэснээр торгууль нэртэй 250 мянган төгрөгийг хэд дахин нэмэгдүүлж, тэр хэрээр тухайн байгууллагууд үйл ажиллагаандаа ашигладаг хорт бодисны хэмжээ буурна. Түүнчлэн эдгээр байгууллагуудыг хотоос гаргаж, орчин үеийн технологиор байгальд хоргүй технологи ашигладаг болгоход анхаарал хандуулна.
Хориотой бүсэд “Цэлмэг” хотхон байрладаг
"Харгиа" Цэвэрлэх байгууламжаас 20 хүрэхгүй метрийн зайд байрлах “Цэлмэг хотхон”-д 250 гаруй өрх, айл амьдардаг аж. Химийн хортой нөхцөлд ажилладаг орчинд ийнхүү иргэд оршин сууж, хүүхэд тоглож байгаа нь хожим ямар үр дагавар дагуулахыг дагуулах аргагүй. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболдоос тодруулахад “Энэ хотхоны газрын зөвшөөрлийг олгосон, барьсан, ашиглалтад хүлээн авсан гэдэг нь тусдаа асуудал. Иргэд өөрсдөө оршин суух газраа сонгож байгаа. Өнөөдрийн хувьд цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцаж байна. Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос зайдуу Эмээлт орчим нүүлгэхээр шийдвэр гарсан. Бэлтгэл ажил хийгдэж байгаа. Ойрын 2-3 жилдээ энэ асуудал шийдэгдэнэ”.
Хуулинд химийн хортой бодистой харьцдаг байгууллагын орчимд 500 метрийн дотогш орон сууцны барилга барихыг хориглодог байна. Гэтэл уг хотхоны газрын зөвшөөрлийг олгосон холбогдох албаныхан болон мэргэжлийн хяналтын газрынхан энэ асуудлыг мэдсээр байж ийм байдалд хүргэсэн бололтой. Химийн хортой бодис тэр дундаа хүний биед хор нөлөө учруулахуйц хром ашигладаг орчинд ийнхүү оршин сууж байна.
Туул голд 78 хувьтай цэвэршүүлсэн ус нийлүүлдэг
1964 онд байгуулагдсан Төв цэвэрлэх байгууламж хоногт 220 мянган метр куб бохир ус цэвэршүүлэн гаргах хүчин чадалтай. Ачаалал ихтэй үедээ өдөрт 180 мянган метр куб ус, энгийн үед 130-150 мянган метр куб бохир ус цэвэршүүлдэг байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам эрс нэмэгдэж, үйлдвэрүүдийн бохирыг цэвэрлэх үүрэг бүхий Харгиа цэвэрлэх байгууламжийн ус давхар нийлүүлэгдэх болсон аж. УБ-т үйл ажиллагаа явуулж байгаа аж үйлдвэрүүдийн ялгаруулж байгаа бохир усыг төв цэвэрлэх байгууламжинд давхар цэвэршүүлдэг болсоноос 5-10 дахин ачаалалтай ажиллаж байна. Энэ байдлыг сайжруулах үүднээс гадны улс орнуудын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр техникийн шинэчлэл хийж байгаа ч бүрэн бус цэвэршүүлсэн ус Туул голд нийлүүлж чадахгүй байгаа аж.
2011 оны байдлаар тус цэвэрлэх байгууламжийн ус цэвэршүүлэлтийн байдал 78 хувьтай байжээ. Төв цэвэрлэх байгууламж одоогийн байдлаар 1 метр куб усыг 61 төгрөгөөр цэвэршүүлж байгаа бол бусад улс оронд бохир усыг хамгийн багадаа 1 америк долларын өртгөөр цэвэршүүлдэг гэж байна. Хэрэв 1 метр куб ус цэвэршүүлэх үнэ өртөг нэмэгдвэл үүнийгээ дагаад цэвэршүүлэлтийн байдал сайжирна гэж албаныхан үзэж байна. Түүнчлэн Төв цэвэрлэх байгууламж сардаа 160 сая төгрөгийн эрчим хүч хэрэглэж байгаа бөгөөд цахилгааны төлбөр нь тус байгууллагын жилийн төсвийн дийлэнх хувийг эзэлдэг юм байна. Одоогоор тус байгууллагад Францын Веола группын Бээжин дэх төлөөлөгчийн газраас төсөл хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байгаа аж. Төслийн багийнханы танилцуулсанаар хуримтлагдсан лагийг хийн түлш, барилгын материал, асфалт хийх технологи нэврүүлэх боломжтой гэнэ. Лаг ашиглан дахин боловсруулалт хийж, хийн түлш гаргаж авснаар Төв цэвэрлэх байгууламжид ашиглагддаг цахилгааны 40 гаруй хувийг хангах боломжтой аж.
Хөөсрүүлэгч бодисны хэрэглээ ихэссэн нь цэвэршүүлэх ажилд нөлөөлдөг
Нийслэл хотын 100 мянга гаруй орон сууцны айл өрх, албан байгууллагуудын бохир ус Төв цэвэрлэх байгууллагад очдог бөгөөд таван үе шаттайгаар ариутгагдаж Туулын усанд нийлдэг аж. Хэрэглэгчдээс очсон усыг дөрвөн үе шат бүхий усан санд шүүж, хамгийн сүүлд неон гэрлээр шарж, ариутган Туулын усанд нийлүүлдэг байна. Неон гэрлээр шарахаас өмнө усан дахь бохирдлыг ариутгахаар бичил биет бүхий байгууламжинд цэвэршүүлдэг ажээ. Усыг ариутгагч бичил биет нь дэлхийн улс орнуудад 20-22 төрөл зүйл бүхий нян байдаг аж. Харин манай улсад 17-19 төрлийн нянг ашигладаг гэнэ. Гэвч эдгээр нян нь усны орчин өөрчлөгдөхөд маш хүрдан устдаг бөгөөд арьс ширний үйлдвэрүүдийн ачаалал нэмэгдэх үеээр 5-6 төрөл зүйл нян үлддэг аж. Түүнчлэн нийслэлийн хүн амын ихээр хэрэглэх болсон угаалгын нунтаг, шингэн саван, элдэв төрлийн хөөсрүүлэгч бодисны хэрэглээ нэмэгдсэн нь эдгээр нянгийн амьдрах орчинг өөрчилж, төрөл зүйл нь багасахад нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Бохир усан дахь хорт бодисыг устгадаг нян устахын хэрээр Туул гол руу цэвэршүүлсэн ус нийлүүлэлтийн чанар буурдаг гэнэ.
Салбарын сайд энэ үеэр Туул голд нийлүүлэгдэж буй усыг 100 хувь цэвэршүүлэх боложтой эсэхийг тодруулсан. Олон улсын жишгээр хамгийн дээд хэмжээ нь 95 хувь байдаг аж. Харин манайд шинэ технолги нэвтрүүлснээр 90-95 хувьтай цэвэршүүлсэн ус Туул голд нийлүүлэх боломжтой гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
Морингийн даваанд лаг хаяхыг Био комбинатынхан эсэргүүцжээ
Туул голын эргээс 100-гаадхан метрийн зай дахь Харгиа цэвэрлэх байгууламжийн өмнөх талбайд хаяж байсан арьс ширний үйлдвэрүүдийн хуримтлагдсан 30 мянган тонн лагийг цэвэрлэж, Морингийн даваанд тусгай технологий ашиглан байршуулж эхэлжээ. Гэвч Био комбинатын иргэдэд энэхүү ажлаа танилцуулалгүй ажлаа эхэлсэн тул оршин суугчид сэтгэл зовинон дүүргийнхээ мэргэжлийн хяналтынханд хандсан гэнэ.
Энэхүү лаг булах ажлыг Чех улсын төсөл санхүүжилтээр “Өрлөгт охин” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж, ирэх тавдугаар сарын 1-гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Тус компанийнхан хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан лагийг булж байгаа ч уг ажлыг зогсоосноор ажил удааширч хугацаа аладаж байгаагаа мэдэгдсэн. Учир нь лагийг хүйтэний улиралд зөөх нь хамгийн оновчтой сонголт гэнэ. Сайд энэ үеэр “ Юуны түрүүнд хуримтлагдсан лагийг цэвэрлэх асуудлыг яаралтай шийдэх ажлын хэсэг байгуулъя. Энэ ажлын хэсэг цэвэрлэх байгууламжаас авсан лагийг байгаль орчинд аюулгүй технолгиор тээвэрлэж, булах ажил хийнэ гэдгээ иргэд болон мэргэжлийн хяналтын байгууллагад танилцуулна. Ингэснээр иргэдийн бухимдал арилна, мэргэжлийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо ч сайжирна” гэлээ.
Өөрийн хармаанаасаа мөнгө гаргаж сурсан цагт байгалаа хайрлаж сурна
Цэвэршүүлэх байгууламжуудын ажлын явц, тулгамдсан асуудлуудтай танилцаж дуусаад сайд мэдээлэл өгөв. Тэрбээр “Монгол улс үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирлээ гэж байна. Гэвч байгаль хамгаалах, экологийн тэнцвэртэй байадал, ус, агаар, харсний бохирдолоо шйидвэрлэхгүйгээр хөгжих боломжгүй. Байгаль дэлхийгээ бохирдуулчихаад гадны улс орны санхүүжилт, төсөл хөтөлбөрөөр цэвэрлэдэг нь буруу систем. Тэд бидэнд нэг л удаа туслана, харин дараа нь өөрсдөө хийх чадвартай байх ёстой. Хариуцлагийн тогтолцоо сул байна. Торгуулийн 200-300 мянган төгрөг бол байгаль орчинг сүйтгэж байгаа хүмүүсийн хувьд шагнал гэж болно. Тэд торгуулиас хэд дахин илүү ашигтай ажиллаж байгаа. Тиймээс дараагийн УИХ-ийг хүлээж цаг алдалгүй Байгаль орчны багц хуулийн яаралтай өргөн барина. Ингэснээр байгаль бохирдуулагч өөрийн хармаанаасаа мөнгө гаргаж сурсан цагт байгалаа хайрлаж сурна. Хуулийн эрх зүйн тогтолцоог сайжруулсанаар байгаль хамгаалах, нөхөн сэргээх асуудалд хүрэлцэхүйц мөнгө улсын төсөвт байршдаг болно. Бид байгальдаа багийг зарцуулсанаар түүний хор хөнөөлөөр эрүүл мэнд, амьдрах орчин зэрэгтээ илүү ихийг төлөх нь ойлгомжтой. Байгаль орчны асуудалд санаа тавьж тусалж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гадны улс орныхонд “Баярлалаа” гэж хэлмээр байна. Байгаль орчны асуудлаар нийслэл хотод хэд хоног ажиллахад Чех, Франц, Испани гээд л гадны төсөл хөтөлбөрөөр хийгдэж байгаа ажлууд олон таарлаа. Байгаль орчны мэргэжилтэнүүд ажлаа чадлаараа хийж байгаа боловч төсөв санхүү, бусад байгууллагуудын хамтын ажиллагаа үгүйлэгдэж байна. Бид үргэлж гадаадын улс орнуудад найдаж, тэднээс аваад байж болохгүй. Улс эх орныхоо төлөө монголчууд та бид өөрсдөө санаа тавьж, хармаасаанаа мөнгө гаргах цаг болжээ”.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ