Нөөцөд суурилсан Улаанбаатар хотын группыг байгуулав

img

Үндэсний Статистикийн Хорооны дарга С.Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Статистикийн Комиссын (НҮБСК) ээлжит 43 дугаар чуулганд оролцож байна.   Тэрээр олон улсын статистикийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй олон асуудлуудыг шийдвэрлэхэд амжилттай оролцон, Монгол улсын Үндэсний Статистикийн Хороо, Австрали улсын Статистикийн Товчоо болон НҮБ-ын Статистикийн хэлтэстэй хамтран санаачилсан “Нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын групп”-ыг уг чуулганаар батлуулан тогтоол гаргажээ.   Энэхүү Улаанбаатар хотын группыг санаачлан байгуулах гол үндэслэл нь уул уурхайн салбар дэлхийн олон улс орнуудад  хурдацтай хөгжиж, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг олборлосноор, улс орнуудын эдийн засагт уул уурхайн салбараас орох орлого нэмэгдэж, байгалийн баялгаас хамаарсан эдийн засгийн өсөлт асар хурдацтай өсөн нэмэгдсэнтэй холбоотой. Уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөө үүнтэй зэрэгцэн нэмэгдэж, уул уурхайн хөгжлийн шинэ давалгаа нь улс орнуудын статистикийн байгууллагуудад шинэ нөхцөл, байдлыг бий болгосон.   Улаанбаатар хотын группын гол зорилго нь олон улсын хэмжээнд нийтлэг мөрдөгдөх Үндэсний тооцооны системийн хүрээнд уул уурхайн салбарын үйл ажиллагааг бүрэн гүйцэд бүртгэх, түүний эдийн засагт оруулах хувь нэмэр, нийгмийн бусад салбарт үзүүлэх нөлөөллийг бодитой тооцох чиглэлд онол, арга зүйн сайн туршлагыг нэгтгэж, арга зүй, практикийн  зөвлөмжийг боловсруулахад оршиж байгаа аж. Монгол улс НҮБСК-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж буй анхны чуулганаар Нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын группийг байгуулан бүтээл арвинтай оролцож байна.   ОХУ, БНХАУ, Их Британи, Нидерланд, Оман, Энэтхэг, Норвеги, Суринам, Австрали, Куба, Герман, Ангола, Зааны ясан эрэг, Перу зэрэг улс орнууд болон олон улсын байгууллагуудаас НҮБ-ын аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага тус тус дэмжиж, хотын бүлгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцохоо илэрхийлсэн байна.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ