
УИХ, Засгийн газрын 57-р тогтоолд иргэдэд хоёрдугаар сарын 1-нээс өмнө нэг сая төгрөг олгоно гэж тусгасан ч амжуулж чадаагүй. Хэдийгээр төсөвт 334 тэрбум төгрөг суулгаж ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг бэлнээр олгохоор төлөвлөөд байсан. Гэтэл УИХ-ын 39-р тогтоолд өөрчлөлт оруулснаар нэг сая төгрөг эсвэл Тавантолгойн 1072 хувьцаа авах сонголттой болгож хувиргасан юм.
Энэ хувьцаа иргэдийн нэр дээр хэзээ байрлах, хэзээ Засгийн газарт буцаан зарж мөнгө болгож чадах вэ гэдэгт иргэд хариулт хүлээсээр сууна. "Намрын чуулган завсарлахаас өмнө ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс иргэдэд хувьцааг нь олгож эхэлнэ" хэмээн Эдийн засгийн байнгын хорооноос мэдээлсэн. Дээрх 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж иргэн бүрт 1072 хувьцаа эсвэл нэг сая төгрөгийн сонголтыг намрын чуулганд багтааж шийдвэрлэж чадаагүй.
УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан завсарлахад ээлжит бус хуралдаанаар шийдчихнэ. Хувьцаа, мөнгөн сонголтыг эцэслэчихвэл хэлэлцэхэд цаг алдаад байх зүйлгүй болсон гэж байлаа. Өчигдөр ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Спикерийн гаргасан захирамжийн хэлэлцэх асуудалд нөгөө Тавантолгойн хувьцаатай холбоотой зүйл алга. Улстөрийн намуудын амин асуудал болсон орон нутгийн сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлт, сонгуулийн санал хураах үеийн хурууны хээ таних тоног төхөөрөмж, цахим үнэмлэх олгох бэлтгэл ажил, шүүхийн шинэчлэл л багтсан байлаа.
МАН-ын бүлэг өчигдөр өдөржин, оройжин орон нутгийн сонгуулийн хууль, төсвийн тодотгол ярилцлаа. АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтад тавьсан хоригийг хүлээн авах эсэх болон бусад асуудлыг хэлэлцсэн юм. Бусад гэдэг нь УИХ-ын даргын захирамжийн хэлэлцэх асуудлын жагсаалтад өөрчлөлт оруулах байлаа.
Гэхдээ тэр нь Монгол Улсын иргэний баялагтаа эзэн суух, хувь хүртэх боломжийг олгох хувьцаа бус Монголбанкны ерөнхийлөгч Д.Пүрэвдорж, БХ-ын сайд Ж.Энхбаяр нарыг огцруулах эсэх асуудлыг нэмэх санал байлаа. Тэгэхээр Эрдэнэс Тавантолгойн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж IPO хийж хөрөнгө босгох асуудал аравдугаар сар хүртэл хойшилсон гэх мэдээлэл оргүй зүйл биш бололтой.
Хэдийгээр энэ тухай манай албаныхан, албан ёсны эх сурвалжууд баталгаажуулаагүй ч гадаадын мэдээллийн агентлагууд Тавантолгойн ордод хийх IPO хойшлох болсон гэдгийг мэдээлж байна. Гэхдээ бүр Монголын албаны эх сурвалжийг иш татаж байна. Тавантолгойн IPO гарсан тохиолдолд Хонконгийн хөрөнгийн биржийн энэ жилийн хамгийн томоохон арилжаа байхаар төлөвлөж байгаа гэх. Гадаадынхан ийм сайхан боломжийг хэлээрээ түлхээд хаячихыг хүсэхгүй.
Хонконгийн Хөрөнгийн бирж уул уурхайн компанийн хувьцааг гаргахад онцгой анхаардаг байсан ч 2010 онд компаниудыг бодит нөөцөд тулгуурлаж, хөрөнгө босгоход хялбар болгох үүднээс дүрмээ өөрчилсөн аж. “Mongolian Mining Corp” буюу Монголын уул уурхайн корпораци (0975.HK) хоёр жилийн өмнө 650 сая ам.доллараар Хонконгийн Хөрөнгийн биржид IPO гаргасан билээ. Гурван тэрбум ам.доллараар үнэлж буй Тавантолгойн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаснаар 10 орчим тэрбум ам.долларын ашиг олж, хоёр тэрбум ам.долларын арилжаа хийдэг Монголын Хөрөнгийн биржийн зах зээлийг хоёр дахин өсгөнө гэж эдийн засагчид таамаглаж байгаа юм. Тавантолгойн IPO хийх ажлыг Голдман Сакс групп, Дойче банк, BNP Парибас СА болон Маквайр групп гардан хариуцаж байгаа юм.

Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчдийн тайлбарлаж буйгаар Тавантолгойн асуудлыг эцэслэх гэж Монголын эрх баригчид төдийлөн шамдахгүй байгаа гэж харж байгаа бололтой. Тухайлбал, “Dow Jones”-т мэдээлэл өгсөн Монголын албаны хүний ярьснаар “Эрдэнэс Тавантолгой”-г Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгүүлэх асуудал Засгийн газрын хэлэлцэх асуудлын нэгдүгээрт байгаа гэнэ.
Түүний хэлснээр Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгчид дээрх асуудлаар Хонконгийн талтай хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа. Гэвч хэлэлцээ хэзээ болохыг тэрээр хэлээгүй гэнэ. Тавантолгойн хувьцааг олон улсын зах зээлд гаргасны дараа Монголын Засгийн газар нийт хувьцааны 51 хувийг эзэмшиж, 19 хувийг хөрөнгө оруулагчдад хуваарилах ажээ. Харин үлдсэн 20 хувийг иргэдэд, 10 хувийг дотоодын компаниудад олгох юм.
Гэвч хүн амын дийлэнх хувь нь хувьцаа эзэмшдэггүй, хадгаламжийн дансгүй учраас хувьцаа тараах нь хамгийн том бэрхшээл аж. Хонконгийн Хөрөнгийн биржийн бүртгэлийн газрын дарга Марк Дикенс Тавантолгойн асуудлаар “Dow Jones”-т мэдээлэл өгөхөөс татгалзсан боловч Хонконгийн Хөрөнгийн бирж Монголын компанийн хувьцааг гаргахад хамтарч ажиллах дуртай байна гэжээ.
Мөн “Эрдэнэс Тавантолгой”-г Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэх эсэх нь тухайн компанийн хүчин чадлаас шалтгаалах бөгөөд ийм шийдвэр гаргах нь цаг хугацааны асуудал гэж ярьсан байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш дээрх асуудлаар мэдэгдэл хийхээс татгалзсан гэж мэдээлсэн байна.
Тэгэхээр Тавантолгойн IPO хэдийгээр хийгдэж хөрөнгө оруулалт урсан орж ирэх, иргэд хувьцаага эзэмших гэсэн асуулт өнөөдөр ч төгс хариултгүй үлдэж байна.
Б.Ургамал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ