
Эдийн засгийн форум өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдрийн салбар хуралдаануудаар эдийн засгаа хэрхэн төрөлжүүлж олон тулгууртай болгох талаар мөн эрдэс баялгийн салбараас орж буй өндөр орлогыг эдийн засгийн идэвхижлийг даган нэмэгдэх санхүүгийн эрэлттэй хэрхэн зөв холбох талаар хэлэлцлээ.
Мөн тэтгэврийн тогтолцооны өнөөгийн байдал, түүний давуу болон сул талуудыг эдийн засаг нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан авч үзэж, төрийн тэтгэврийн систем болон хувийн тэтгэврийн систем нэгдмэл цогц болохын хувьд Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд цогц байдлаар шийдвэрлэх боломжуудын талаар эрэлхийллээ.
Монголын эдийн засгийн чуулга уулзалтад гадаад, дотоодын 1000 гаруй төлөөлөгч оролцож байна. Хуралдааны үеэр орон нутгаас ирсэн зарим төлөөлөгч, эдийн засагчдын зүгээс шүүмжлэлтэй зүйл нэлээд хэлсэн.
Тухайлбал, УИХ, Засгийн газар эдийн засгийн эрсдэлээ тооцож чадахгүйгээс ирээдүйд хохиролтой шийдвэр гаргаж байна. Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжинэ гэж байгаа ч дорвитой үр дүн харагдахгүй байна гэсэн шүүмжлэлүүд гарч байсан юм. Өнөөдөр үргэлжлэх хуралдааныг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нээх бөгөөд салбар хуралдаанууд хуралдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ