Нөөцийн мах бэлтгэгчид “шархаа” нөхөх гэнэ

img

Манай улс 40 сая малтай хэрнээ жил бүрийн хавар махны хомсдолд орж, байгаа жаахан махных нь үнэ тэнгэрт хаддаг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд дан ганц хавартаа гэлтгүй жилийн дөрвөн улиралд энэ үзэгдэл давтагдах болж, хэтрүүлж хэлэхэд иргэд сайн дураараа цагаан хоолтны эгнээнд нэг нэгээрээ шилжиж эхэллээ. Өнөөдөр томоохон зах, дэлгүүрүүдэд нэг кг үхрийн цул  мах аль хэдийнэ 9000 төгрөг хүрчээ. Удахгүй хаврын тарчиг цаг хаяанд ирэх үед энэ тоо таван оронтой тоонд шилжихэд тун ойрхон байна.   Энэ үед нийслэлийн иргэдийн амь тариа нь нөөцийн мах л болоод байна. Өнөөдрийн байдлаар махны компаниуд гэрээний дагуу нөөцийн үхрийн махаа нэг кг-ыг нь 3700, хонины махаа 3200, ямааны махаа 2600 төгрөгөөр зарж байгаа. Гэтэл энэ үнэ нэмэгдэх нь. Бүр Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Н.Лхачинбал "Одоохондоо үнийн талаар ярилцаагүй байгаа болохоор нийлүүлэлтийг зогсоосон. Хэзээ ярих нь тодорхойгүй байна. Бид махаа cap хагасын турш хямд үнээр борлуулсан. Үүнээс цаашаа энэ үнээр борлуулах боломжгүй. Ирэх долоо хоногийн эхээр махны үнийн талаар ярилцах болов уу" хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд ярилцлага өгсөн байх юм.   Уг нь энэ жил нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан чамлахааргүй мах бэлтгэсэн.  Тодруулбал, 2009 онд 7000 тонн, 2010 онд онд 2800 тонн мах бэлтгэн нөөцөлж, худалдаан гаргаж байсан бол 2011 онд өмнөх жилийнхээс бараг дөрөв дахин их буюу 12 мянган тонн мах бэлтгэсэн хэмээн холбогдох хүмүүс мэдээлж байсан. Харин үүнээсээ өнөөдрийн байдлаар 5000 орчим тонныг нь борлуулж дууссан гэх. Энэ сард 2500 тонн мах борлуулах хуваарьтай боловч нөөцийн махны үнийг нэмэх болсонтой холбоотойгоор нэг хэсэг борлуулалтыг зогсоогоод байгаа. Түүгээр ч зогсохгүй эрэлт их байгаа учраас нөөцөлсөн мах наадам хүрэхгүй нь нэгэнт тодорхой болсон.   Уг нь 2009 оноос Засгийн газраас мах бэлтгэдэг компаниудад урамшуулал олгодог болсон. Үүнээс үүдэн нөөцийн мах бэлтгэх ажилд энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг компануид олноороо орох хүсэлтээ  ирүүлж, сонгон шалгаруулалт гээчид орсон гэх юм билээ.  2011 оны шалгаруулалтад "Мах маркет", "Жаст-Агро", "Баатрууд тэнгэр", "Тайж трейд", "Мах экспорт", "Багахангай" гээд 21 аж ахуйн нэгж тэнцсэн аж. Эдгээр компаниуд өөрсдийн санхүүжилтээр мах бэлтгэн нийслэлчүүдийг хямд үнэтэй махаар хангах үүрэг хүлээсэн. Үүнийхээ хариуд нэг тонн махны нөхөн олговорт дунджаар 600 мянган төгрөг авдаг. Гэтэл тендерт ялсан гэх компаинуд махныхаа үнийг нэмнэ хэмээн иргэдийг айлгаж, Засгийн газарт туниж эхэллээ. Тэдний ийнхүү аашлах болсон шалтгаан нь Засгийн газар амласан урамшууллаа өгөхгүй байгаа болохоор тэр гэнэ. Тиймээс махныхаа үнийг нэмж “шархаа” нөхөхөөр болсон бололтой.   Ийнхүү амласнаа биелүүлдэггүй Засгийн газар, бусдыг шантаажлах дуртай компаниудын дунд дахиад л иргэд хэлмэгдэж, өдөр өдрөөр өсөх  үнийн өсөлтөд дарлуулсаар мах хэмээх зүйл удахгүй жилдээ ганц хүртдэг тансаг идээ болоход ойрхон байна.   Д.Цэцэг        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ