
Монголын шилдэг малчин эмэгтэйчүүд нийслэл хотод хүрэлцэн ирж, эмэгтэйчүүдийн баярын арга хэмжээнд оролцож байгаа билээ. Өнөөдөр тэд Матрикс салоноор зочлон үсний засалтаа өөрчилж, маникюр хийлгэсэн юм. Энэ үеэр Дорнод аймгийн Дашбалбар сумын малчин Д.Долгортой цөөн хором ярилцлаа.
-Монголын шилдэг малчин эмэгтэйн нэг болсонд баяр хүргэе. Хэдэн жил мал маллаж байна.
-40 жил мал дагаж амьдарлаа. Ерөнхий сайдын санаачлагаар малчин эмэгтэйчүүдээ дэмжсэн арга хэмжээ зохион байгуулж байгаад баяртай байна. ХХААХҮЯ, Матрикс салон, ХААН банкны хамт олонд баярлалаа. Дорнод аймгийн Дашбалбар сумынхаа нийт эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэе.
-Эмэгтэй хүн мал маллахад хэцүү бэрхшээлтэй асуудал тулгардаг уу?. Ар гэрийн амьдрал, мал сургээ өсгөх гээд л ажил мундахгүй их гэдэг.
-Тиймээ , малчин бид чинь тэнгэрийн аяыг л харж ажил амьдралаа зохицуулдаг улс. Үр хүүхдээ өсгөх, хонь малаа харж хандах гээд их ажил бий. Хүүхдүүд бага байхад жаахан хэцүү байсан. Одоо бол таван хүүхэд минь том болоод амьдрал сайхан л байна. 1990-ээд оноос хойш ер нь малчин хүн нийгэмд хаягдаад байсан. Өмнө нь хөдөө орон нутгийн шилдэг малчидын арга туршлагыг хэвлэл мэдээллээр сурталчилж, хот хөдөөг и х холбодог байлаа. Харин одоо зурагт радиогоор хэтэрхий олон зар сурталчилгаа болсон болоогүй нэвтрүүлгүүд л их гарах болж . Гэхдээ сүүлийн жилүүдэд “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд нилээдгүй ажил хийгдэж байгаад талархаж явдаг юм.
-Хөдөө нутаг эзгүйрлээ. Орон нутгаас нийслэл рүү нүүр иргэдийн цуваа үргэлжилж байна гэж их ярьдаг. Хөдөөнөөс ирээд хотод хүссэнээрээ амьдарч чадахгүй байх нь ч цөөнгүй. Энэ талаар ер нь юу гэж боддог вэ?
-Тийм шүү. Хотод амьдарлаа гээд мөнгөгүй, ажилгүй байгаа олон залуус бий. Тиймдээ ч мал дагавал ам тосдоно гэдэг шиг хөдөөнөө түрээсээр ч болтугай хэдэн малтай байвал ямар ч байсан өлсөхгүй. Тэгээд ч мал сүрэг гэдэг өсөж үрждэг болохоороо нэг л мэдэхэд өөрийн гэсэн хэдэн малтай, амьдрал ахуйгаа өөд татахуйц чадал, боломжтой болсон байх вий.
-Хотод мах үнэд ороод нэг кг мах 9000 төгрөгөөр худалдан авдаг болоод байна. Хөдөө, малчны хотноос хонь үхрийн махыг нэг кг-ийн нь хэдэн төгрөгөөр тооцож худалдан авдаг вэ?
-Хотод мах их үнэтэй байна. Махны худалдаачид биднээс хонь, үхэр , адуу гэж ялгаад байхгүй хамгийн дээд тал нь 2800 төгрөгөөр л авдаг. Тэрнээс өндөр үнээр ер нь зарж үзээгүй. Хотын махны үнийг хараад олон дамжлагатйа наймаачдын гараар орсноос ингэж үнэд хүрч дээ гэж бодож байна. Бид тийм үнээр зардаг бол амьдралд маань их нэмэр болно. Эсвэл төр засгаас энэ асуудалд тодорхой хяналт тавихад буруудахгйү л болов уу. Махны үнэ малчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, нөгөө талаар мах үнэд орсон малчид л буруутай мэт хүмүүс боддог нь жаахан харамсалтай санагддаг.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ