Дэлбэрэлт болсон байрны зураг төсөл хийгдэж байгаа гэв

img

Өнгөрсөн нэгдүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай угсармал орон сууцны долдугаар давхрын айлд хийн баллон дэлбэрч гэрийн эзэд нь нэлээд хүнд гэмтсэн хэрэг гарсан.   Энэ үеэр тус барилгын 7,8 дугаар давхарын хана, шал тааз хэд хэдэн газраа цуурч, 4-9 давхарын зарим цонхнууд хагарсан юм. Дэлбэлтийн улмаас гэртээ амьдрах боломжгүй тус байрны оршин суугчдыг цэцэрлэг, сургуулийн байранд түр байршуулсан билээ.   МХЕГ-аас ажлын хэсэг гарч галын улмаас барилгын үндсэн хийц бүтээц, инженерийн шугам сүлжээнд гарсан эвдрэл гэмтлийн шалтгаан, нөхцөлийг тодруулахаар шалгалт хийсэн юм. Шалгалтын дүнгээр орон сууцны үндсэн хийц бүтээцэд гарсан эвдрэл гэмтэл, хэв гажилтийг нь засварласан тохиолдолд хүн амьдарч болно гэжээ.   Энэ талаар Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “Дэлбэрэлт болсон барилгын 0-5 давхар хүртэл ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй. Харин 6-8 давхарт үүссэн гэмтлийг засварлах шаардлагатай. Одоогоор гэмтлийн цар хүрээг тогтоож, зураг төслийн ажил хийгдээд дуусаж байгаа. Хөрөнгө мөнгө нь хэзээ шийдэгдэхээс л оршин суугчид орон сууцандаа орох асуудал яригдана. Ямартаа ч хүн амьдарч болно гэсэн дүгнэлт гаргасан” гэв.   Дашрамд дуулгахад, дэлбэрэлтийн улмаас гэр оронгүй болсон иргэд одоог болтол ах дүү хамаатан садан болон аймгаас гаргаж өгсөн түр оршин суух байранд амьдарч байгаа аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ