Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэдэггүй

img

Цас их орсноос зам гэлтгүй гудамж талбайд халтиргаа гулгаа эрс нэмэгдсэн. Замын халтиргаа гулгаа ихэссэнтэй холбогдуулан замаа арчлах үүрэгтэй болдог. Тэгвэл өчигдөрөөс эхлэн Баянзүрх дүүргийн “Хот тохилжилт”-ийнхон явган хүний замын мөсийг арилгах ажил эхэлсэн байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн хот тохилжилтийн бригадийн ахлагч Д.Энхтайванаас тодруулсан юм.

-Явган хүний замыг цэвэрлэх ажил хэзээнээс эхлэв? Явган хүний зам цэвэрлэгээ бол үндсэндээ өчигдөрөөс эхэлсэн. Харин цас орсон тохиолдолд дор нь цасыг нь цэвэрлэдэг. Нийтдээ найман буудал газар, зүүн дөрвөн замаас Жуков хүртэл хоёр хүн, Жуковоос кино үйлдвэр хүртэл хоёр хүн гэх мэтээр хоёр хоёр буудал хариуцаж ажиллана. Албан байгууллагууд, хувиараа бизнес эрхлэгчид хариуцаж буй үүднийхээ  цас мөсийг захиргааны дагуу өөрсдөө цэвэрлэх ёстой байдаг. Гэтэл тэд цэвэрлэдэггүй. 50 метр л газрыг цэвэрлэхгүй байгаа хүмүүс яаж ч бодсон эргэн тойрныхоо цасыг цэвэрлэхэв дээ.

-Яагаад? Зөвхөн өөрсдийн шат болон дөнгөж гараад таван алхмын хоорондох замаа л цэвэрлэж байна. Ард иргэд өөрсдөө бидэнд илүү хүндрэл учруулж байгааг эндээс харж болно. Тэд бараг л та нар л цэвэрлэх ёстой. Та нарын амьдрал мэтээр биднийг ад шоо үздэг. Бид чинь адилхан л амьдрах гэж зүтгэж байгаа хүмүүс.

-Та нарын ажлын цагийн хуваарь хэдээс хэдэн цагийн хооронд байдаг вэ? Өглөө 07:00  цагаас ажилдаа гарна. Өдөр 12-14 цагийн хооронд цайндаа орчихоод орой 19: 00 цаг хүртэл цэвэрлэнэ дээ. Цагийн хуваарь ерөнхийдөө янз янз байдаг. Тухайн өдөр хэр их ачаалалтай байна гэдгээсээ их шалтгаална даа. Харин элс, давс цацдаг ажилчид маань өглөө 04:00  цаг гэж ажилдаа гардаг.

-Ажлынхаа багаж хэрэгслийг хаанаас авдаг вэ? Байгууллагаас чинь өгдөг үү? Цас мөс цэвэрлэдэг багаж хэрэгслийг манай байгууллагаас бүрэн хангаж өгч чаддаг. Цаанаасаа бидэнд олгодог норм гэж байдаг. Том хогийн шүүрийг гэхэд л гурван сард нэг удаа сольж өгдөг. Харин мөс цэвэрлэдэг энэ цохиурыг хоёр жилд нэг удаа солино доо.

-Цалин хөлсний хувьд хэр авдаг вэ. Ажлын хувцасны хангамжаа авдаг уу? Үндсэн цалин 150000 мянган төгрөг. Үр дүнгийн шагнал гээд 30 хувийг нэмж олгодог юм. Он гараад цалин нэмэгдэх сурагтай байгаа. Долоо хоногт нэг удаа амардаг юм. Илүү цагийн мөнгө 1,5 хувиар бодно. Ингээд сардаа 200000 мянган төгрөгийн цалин авчихаж байгаа юм. Цалин 30 хувиар нэмэгдсэн ч бидний амьдралд хүрэлцэхгүй. Тэглээ гээд бид зүгээр суугаад байж болохгүй. Хүрэхгүй байсан ч хүргэх гэж хичээж байна даа. Одоо энэ нийгэм ямар байгаа билээ. Махны үнэ хэд байгаа билээ гээд л асуудал их шүү дээ. Өвөл, зуны улиралд нормийн хувцас гэж олгодог. Саяхан бидний хэмжээг аваад явсан. Ес эхлэхээс өмнө өгөх байх.

-Ард иргэдийн хандлага ер нь хэр байна даа. Ажиглаад байхад энэ залуучууд тоож байгаа шинж алга? Манай ард иргэд ер нь жаахан ухамсар муутай юм шиг харагдаад байдаг ш дээ. Бид энд цас цэвэрлэж байхад жолооч нар тоосон ч шинжгүй дайрчих шахаад л өнгөрдөг. Зарим нэг нь овоолоод хураачихсан цасан дээгүүр давхиад л гардаг. Тэр нь дагтаршина. Бид дахиад л тэрийг цэвэрлэнэ. Энэ мэтээр дахин дахин ажил удна. Нэг ажлыг 2-3 удаа давтаж хийх жишээтэй.

О.Гэрэлтуяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ