
Гадаад зах зээлээс газрын тосны бүтээгдэхүүний хувьд бараг 100 хувь хараат байдлаа зохист хэмжээнд хүргэхийн тулд дотооддоо боловсруулах үйлдвэртэй байх ёстой гэдэг байр сууриуд бодит ажил хэрэг болоход чиглэсэн нэг алхам хийгдлээ. Ингэхдээ Япончуудыг голон байж Засгийн газар шийдвэр гаргалаа. Дархан-Уул аймагт жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар болж байна. Тогтоолд Засгаас ямар нэгэн санхүүгийн баталгаа гаргахгүй гэдгийг тодорхой тусгахаар болж, төрийн өмчит газрын тосны компани байгуулахаар болжээ.
Тэгэхээр 600 сая ам.долларын хөрөнгөөр баригдах Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийг Монголын Засгийн газрын баталгааны дагуу Японы Засгийн газрын банк болох Олон улсын хамтын ажиллагааны банкнаас гаргах шаардлага үгүй болж байна.
Монгол, Япон хоёр улсын Засгийн газрын болон хувийн компаниудын оролцоотой хэрэгжүүлэх төслийн дагуу энэ оноос эхлэн барьж, гурван жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан үйлдвэрийг Монгол Улс өөрөө бусдын гарыг харахгүй байгуулахаар болж.
Хоногт 44 мянган баррель буюу жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай, жилд 1,7 сая тонн орчим шингэн түлш үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо нь цаасан дээр байгаа тус үйлдвэрт үйлдвэрлэсэн бензин шатахуун дээд зэрэглэлийн чанарын стандартыг хангасан, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй экологийн давуу талтай байна гэж засаг үзээд байна.
“Дорнод газрын тос” төрийн өмчийн оролцоотой компанийг Дорнод аймгийн Чойбалсан хотод байгуулахаар наадмын өмнө шийдвэрлэсний араас ийнхүү Дарханы үйлдвэрийн сураг албан ёсорр гараад байгаа нь таатай мэдээ юм.
Дээр хэлсэнчлэн Японы тал манай Засгийн газраас дэмжлэг авч чадсангүй нь мэдээж анхаарал татна. Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт бүдэрч, унаж туссан шигээ Газрын тосны үйлдвэрийн төсөл дээр ч бүдэрчихжээ. Магад тэд дахин гомдол мэдүүлж ч болзошгүй юм. Сануулахад Засгийн газар тэднийг тоогоогүй ч, УИХ-ын дарга тоож байсан билээ.
Өнгөрөгч зургадугаар сард УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тус үйлдвэрийн санхүүжилтийг шийдэх Япон Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Риучи Кага тэргүүтэй Японы “Марубени”, “Тоёо инженеринг” корпорацийн төлөөлөгчидтэй нүүр тулан уулзаж, төслийн талаар ярилцсан юм. Дарханд газрын тосны үйлдвэр байгуулахаар 2008 оноос уг үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад дэмжлэг үзүүлж ажилласан гэх тус банкны ерөнхийлөгч Риучи Кага эрхэм уг үйлдвэрийг байгуулах төслийг хэрэгжүүлэхэд Японы Засгийн газрын банкны зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа гэдгийг хэлж байсан. Банкныхаа онцлогийг дурдаад “...Монголын Засгийн газрын баталгааны дагуу санхүүжилт үзүүлэх учраас зээлийг хүлээн авагч нь ямар байгууллага байхыг тодруулах нь чухал байгааг” хэлж байв. Мөн энэ төслөөс гадна хиймэл дагуул ашиглан харилцаа холбоог хөгжүүлэх, нүүрс боловсруулах чиглэлээр манай улсад төсөл хэрэгжүүлэх боломжтойгоо илэрхийлж байсан.
Харин УИХ-ын дарга “... Засгийн газрын зүгээс үйлдвэр байгуулах асуудал бүрэн шийдэгдсэн гэж үзэж байгаа. Үйлдвэр барихад Японы Засгийн газрын зүгээс санхүүжүүлэгч байгууллага оролцох болсон нь улам итгэл төрүүлж байна. Энэ чиглэлийн төслүүдийн талаар саяхан Засгийн газраас мэдээлэл авахад Дарханы төсөл ихээхэн ирээдүйтэй, бэлтгэл нь үндсэндээ хангагдсан төсөл гэдгийг манай албаны хүмүүс танилцуулж байсан. Үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл үндсэндээ гараад дуусч байгаа, ажлаа ойрын хугацаанд эхлэх бололцоотой юм байна гэж бид ойлгож байгаа. Иймээс манай төр, засгийн шийдлийн талаар та бүхэн эргэлзэх зүйлгүй. Засгийн газрын оролцооны тухай асуудлыг шийдэх байх, энэ талаар зарим нэг санал ч яригдаж байгаа” хэмээн мэдэгдсэн.
Мөн үйлдвэр барих хөрөнгийн санхүүжилтийн талаар Засгийн газрын баталгаа гаргах асуудал зарчмын хувьд шийдэгдсэн. Хөгжлийн банкаар дамжуулж Засгийн газар баталгаа гаргах боломж бүрдсэн. Эрх зүйн болон бусад асуудлын хувьд энэ төслийг хэрэгжүүлэх боломж нээлттэй болсон гэж үзэж буйгаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлж байв.
Спикерийн үгийг дуулсан “Тоёо инженеринг” корпорацийн дэд ерөнхийлөгч Какума Хатано “...Орчин үеийн өндөр технологи ашиглаж үйлдвэр барих талаар бидэнд эргэлзэх зүйлгүй. Энэ төсөл Монгол Улсад ялангуяа аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм. Төслийн санхүүжилт шийдэгдвэл бид төслийг багцаар нь хэрэгжүүлэх ажлаа эхэлж, зөвхөн үйлдвэр бариад зогсохгүй мэргэжилтэй боловсон хүчин, ажиллагсдаа сургаж бэлтгэнэ...” хэмээсэн.
Харин Засгийн газрын шийдвэрийн дагуу Япончууд яагаад гологдсон бэ гэдгийг магадлах үүднээс эргэн харъя.
Япончууд гологдсоны учир
Өнгөрсөн жилүүдэд үйлдвэр байгуулах бүхий л боломж нь бүрдлээ. Засгийн газрын баталгаа л хэрэгтэй байгаа гэж нөгөө талынхан хэлж ярьж ирсэн бол Засгийн газрын зүгээс баталгаа өгөхгүй байгаагийн шалтгаан нь түүхий эдийн хамаарлаас болж байгаа гэдгийг ТӨХ-ны зөвлөх эрхэм хэлж байсан.
Учир нь Японы “Марубени”, “Тоёо инженеринг” корпорациуд боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг Эрхүүгийн нефтийн үйлдвэртэй байгуулсан меморандумын дагуу авна гэх зүйлийг хэлж ярьдаг. Гэтэл Монгол, Орос хоёр геополитикийн хувьд нефтийн салбар дээр арилжааны горимоор харилцаж чадахгүй байгаа нь ил болсон зүйл. Тэрчлэн 10-20 жил ажиллах ёстой үйлдвэрийн түүхий эдийн нийлүүлэлт тогтвортой, найдвартай байх уу гэдэг асуулт зайлшгүй гарч ирнэ. Энэ нь баталгаа гаргаж өгөхгүй удааширсан үндсэн шалтгаан гэдэг. Монголын төр эрсдэлүүдийг тооцохгүй үйлдвэрээ барьчихдаг. Гэтэл тодорхой хугацааны дараа түүхий эдийн нийлүүлэлт зогсчих юм бол Монголчууд өөрсдөө л хүнд байдалд орно. Ерөөс Японы Засгийн газрын банк техник технологийг нь нийлүүлэх гэж байгаа компанидаа мөнгийг нь өгөөд, манайхаас буцааж авна. Харин тэрнийхээ төлөө Монголын Засгийн газраас баталгаа гарга гэж нэхсэн учир манай холбогдох газрууд зөвшөөрөхгүй байсаар ийн эцэслэж байгаа харагдаж байна.
Нэг ёсондоо түүхий эдийн болоод бусад эрсдэл байгаа учраас Монголын Засгийн газрын баталгааг Япончууд нэхсэн ч үр дүнд хүрсэнгүй. Харин алдсан ч, оносон ч дангаараа эрсдэл хүлээх агуулгатай шийдвэрийг засгаас гаргалаа.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ