Махны үнэ хаданд гарлаа

40 сая малтай Монгол улсын иргэд нэг кг махыг 3800-4000 төгрөгөөр худалдаж авахад хүрээд байна. Махны үнэ хоёр долоо хоногийн дотор мянга орчим төгрөгөөр нэмэгджээ. Шалтгаан нь Хятад иргэд аймгуудаас орж ирэх махыг замаас нь тосч, мөн захын лангуунаас хэдэн мянган тонноор нь өндөр үнээр худалдан авч байгаатай холбоотой талаар яригдаж байна. "Баянзүрх" худалдааны төвд махны наймаа эрхэлдэг Л.Байгальмаа болон "Хар хорин" худалдааны төвийн махны ченж н.Баяраа нараас тодруулга авсан юм.
Л.Байгальмаа: Зах дээр мах шулдаг хүүхдүүдийг хятадууд аваад явсан
Сүүлийн үед адуу, ямааны махны үнэ өсөөд байгаа. Дам яриа сонсоод байхад “Махны наймаачдын ирээдүй Хятадуудын гарт орчихлоо” гэж байна. Сонин хэвлэлээр ч их яригдах боллоо. Ямаа, адууны мах өнгөрөгч саруудыг бодвол 400-800 төгрөгөөр нэмэгдсэн. Мах ч ховор болсон. Бид урьд нь 1600-1800 төгрөгөөр авдаг байсан бол энэ сараас 2000-2500 төгрөгөөр авч байна. Манай зах дээр гайгүй сайн мах шулдаг хүүхдүүд байдаг. Хятадууд тэр хүүхдүүдээр мах шулуулах гээд аваад явсан сурагтай байгаа. Одоо болтол ирээгүй байхыг бодвол Хятадууд мах худалдаж авсаар байгаа байх.
н.Баяраа: Махны үнэ өнгөрсөн жилийг бодвол огцом өслөө
Өвөл, хавар махны эрэлт хэрэгцээ өндөр болдог. Тиймээс энэ байдлыг анзаарсан хятадууд мөнгө хүүлэх аргаа олчихож гэж бодож байна. Монгол хүн махгүй амьдарч чадахгүй нь мэдээж. Тиймээс л зах зээлийг нь эзэлж өөрсдөөс нь худалдаж авсан махаа өндөр үнээр зарж сэтгэл ханамжийн баталгааг бөөн бөөн мөнгөний хамт олж авах гэж байгаа нь тэр юм байлгүй дээ. Манай наймаачид ингэж л бодоод байгаа шүү дээ. Зүүн аймгийн шүлхийгээс болоод мах ховордсон ч сар шинийн өмнө махны үнэ 3500-4500 төгрөг л болох байх. Өчигдөр Ховдоос ирсэн жолооч “Баруун аймгуудад малыг амьдаар нь гаргаж байна” гэсэн. Ихэвчлэн ямаа, адуу байсан гэнэ. Амьд малын үнэ өнгөрсөн жилийг бодвол огцом өссөн гэж хэлэхэд болно.
Жижиглэнгийн наймаачид ингэж хэлэх болсон шалтгаан нь монгол малын махыг хятадууд иргэдийн гар дээр очихоос урьтаж өндөр үнээр худалдан авч байгаатай, лангуун дээр худалдаалж байгаа махыг мөнгөөр зодож хэдэн мянган тонноор нь авч буйтай холбоотой юм.
Ц.Одгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ