Монгол, Америкийн үндэсний паркууд хамтарч ажиллахаар боллоо

img

Хөвсгөл нуурын үндэсний парк, АНУ-ын Мичиган мужийн Супериор нуурын Пикчурд рокс үндэсний парк хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яаманд энэ сарын  6-нд боллоо.   Хэлэлцээрт Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай, АНУ-ын Байгаль орчны яамны Үндэсний паркуудын үйлчилгээний газрын харъяа Пикчурд рокс үндэсний паркийн дарга Ж.Норсап нар гарын үсэг зуржээ. Ингэснээрээ хоёр улсын үндэсний парк хооронд байгаль орчин, байгалийн нөөц баялгийг хамгаалах асуудлаар мэдээлэл, технологи, туршлага солилцох төдийгүй боловсон хүчин сургаж бэлтгэх өргөн боломжууд нээгдэж байгаа аж.   Монголын байгаль орчин, байгалийн нөөц баялаг, уламжлалт соёл, өв уламжлалыг хамгаалах шилдэг арга ухааныг түгээн дэлгэрүүлж Монголын ирээдүйн хөгжил дэвшлийг баталгаажуулах зорилго бүхий “Монголын Экологи төв”, АНУ-ын Глобал Паркс- төрийн бус байгууллагын хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөвсгөлийн  тусгай хамгаалалттай нутгийн тогтвортой хөгжлийг баталгаажуулах хөтөлбөр”-ийн хүрээнд дээрх хэлэлцээр байгуулагджээ. Энэ хоёр улсын тусгай хамгаалалттай бүс нутгийн хооронд байгуулагдаж буй анхны баримт бичиг юм.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ