“Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс”-ын чуулганд манай бүсгүйчүүд оролцов
АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа “Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс”-ын 56 дугаар чуулганы үеэр “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн асуудлууд: Бид үүрэг амлалтаа биелүүлж чадаж байна уу?” сэдэвт арга хэмжээ болжээ. Энэхүү арга хэмжээг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан болон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газартай хамтран НҮБ-ын төв байранд амжилттай зохион байгуулсан байна. Уг арга хэмжээнд “Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс”-ын 56 дугаар чуулганы төлөөлөгчид, НҮБ, түүний системийн болон олон улсын бусад байгууллагын төлөөлөгчид, иргэний нийгмийн төлөөлөгчид болох 120 гаруй зочин болон монголын хөдөөгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 20 эмэгтэй оролцжээ. Тэд хөдөөгийн эмэгтэйчүүдэд тулгарч байгаа саад бэрхшээл, түүнийг арилгах талаар Засгийн газар болон олон улсын байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ярилцсан байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгч “Хөгжиж байгаа орнуудын нийт хүн амын 70 хувь буюу 1.4 тэрбум хүн өнөөдөр нэн ядуу амьдарч байна. Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт бүрээр хөдөөгийн эмэгтэйчүүд доогуур үзүүлэлттэй гарч байна. Ядуурал хөдөөд их байгаагийн гол шалтгаан нь хот, хөдөөгийн хөгжлийн асар том ялгаатай шууд холбоотой. Түүнчлэн хөдөө амьдарч буй эмэгтэй яг ижил орчинд амьдарч буй эрэгтэй хүнээс хэд дахин доогуур түвшинд нийгмийн халамж хүртэж байна. Иймд эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил тэгш эрхийг олгох асуудалд онцгойлон анхаарч, хөдөөгийн эмэгтэйчүүдэд өөрсдийн амьдралаа дээшлүүлэх бодит боломжийг олгох ёстой” гэжээ. Хөдөө, аж ахуйн хөгжлийн олон улсын сангийн төлөөлөгч “Дэлхийн хэмжээнд 500 сая жижиг фермерийн аж ахуй ажиллаж байгаа бөгөөд нийт ажиллагсдын 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөөгийн эмэгтэйчүүдэд зөв зохистой хооллолтын талаарх ойлголтыг бий болгох, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж байна. Монголын Эмэгтэйчүүдийн Холбоогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилго бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж” байгаа талаар танилцуулсан. НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газрын ажилтан Монгол Улсын санаачилгаар 2012 оныг “Олон улсын хоршооллын жил” болгон зарласныг, тэр дундаа хөдөөгийн эмэгтэйчүүдийн ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд хоршоолол чухал ач холбогдолтойг тэмдэглээд энэ чиглэлээр олон улсын жилийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийв. Мөн “Мянганы дэвшил” ТББ-ын тэргүүн Ц.Эрдэнэчулуун хөдөөгийн ядуурлыг бууруулах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах чиглэлээр иргэний нийгэм Засгийн газартай хамтран ажиллах нь чухал байгааг уламжилсан байна. Хөдөө, орон нутгаас ирсэн эмэгтэйчүүд банк, санхүүгийн бичил зээл авах, өөрсдийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, улмаар хөдөөгийн эмэгтэйчүүдийн үнэлэгдээгүй хөдөлмөрийг үнэлгээтэй болгох, мэдээллийг ижил тэгш хүртээх болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг олон улсын байгууллагын төлөөлөгчдөөс хүсэлт гаргажээ. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ