
“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага өнөөдөр “Ханган нийлүүлэгчдийн анхдугаар уулзалт зөвлөгөөн”- ийг Чингис зочид буудалд зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Дэлхийн зөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгч, Винсэнт Эдвардс, нэгдсэн зохицуулалтын захирал Жосеф Оловосуси, Дэлхийн зөн Монголд байгууллагын хамт олон болон тус байгууллагатай хамтран ажилладаг 500 гаруй компанийн төлөөлөл болох 130 гаруй зочид хүрэлцэн ирсэн юм.
Уулзалт халуун дулаан уур амьсгалтай болж өнгөрсөн бөгөөд Дэлхийн зөн олон улсын байгууллагын үйл ажиллагаа, Монгол дахь салбарын онцлог, тус байгууллагад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлснээр нийгмийн тусламж үйлчилгээ шаардлагатай хүүхэд багачуудад зориулдаг талаар мэдээлэл өглөө.
“Хүүхэд бүрийн сайн сайхан амьдралын төлөө” уриатай “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын үндэслэгч Боб Пийрс 1948 онд Солонгос улсад анх хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Харин “Дэлхийн зөн Монголд” байгууллага 1995 онд үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд хүүхэд бүрт хүрч ажиллахыг эрмэлзэн, тэдний бүрэн дүүрэн амьдралыг зөн хараагаа болгодог ашгийн бус олон улсын байгууллага аж.
Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага өнөөдөр Монгол орон даяар 32 салбар орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй. Энэ хөтөлбөрүүдээрээ дамжуулан нийгмийн эмзэг бүлгийн буюу хүнд нөхцөлд амьдардаг, хөдөлмөр эрхэлдэг, нэн ядуу, гэмт хэрэгт холбогдсон, хөгжлийн бэрхшээлтэй, хүчирхийлэлд өртсөн, хагас, бүтэн өнчин хүүхдүүдэд илүүтэйгээр хүрдэг байна. Нийт 85 мянга гаруй хүүхэд Дэлхийн Зөнгийн хараа хяналтан доор байдаг бөгөөд энэ нь Монгол орны нийт 0-18 хүртлэх насны хүүхдийн 10 гаруй хувийг эзлэж байгаа аж.
Дэлхийн Зөнгийн хийж хэрэгжүүлж байгаа эрүүл мэнд,боловсролын, эдийн засгийн гэх мэт төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийн үр шимийг шууд болон шууд бус байдлаар давхардсан тоогоор 200 аад мянган хүүхэд хүртсэн байна.
Монгол оронд хэрэгжүүлж буйолон төсөл хөтөлбөрүүдийн нэг нь “Гэрээр бэлэг барья” төсөл аж. Монголын уламжлалт гэрийг жишээ нь гэр хийдэг компаниас бид худалдан авдаг. Зөвхөн “Гэрээр бэлэг баръя” төслөөр дамжуулан нийт 1568 өрх, мөн орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдээр дамжин сүүлийн хоёр жилийн байдлаар 900 орон гэргүй айл өрх Дэлхийн Зөнгийн тусламжтайгаар гэр оронтой болсон байна.
Мөн хүүхдэд ээлтэй орчныг дэмжин ажилладаг бөгөөд хүүхдийн сурч боловсрох, чөлөөт цагаа өнгөрөөх, өөрийгөө хөгжүүлэх таатай хүрэлцээтэй орчныг бүрдүүлэхийг зорьжээ. Тийм ч учраас Монгол орны өнцөг булан бүрт Дэлхийн Зөн Монгол өөрийн санхүүжилтээр олон цэцэрлэг, сургуулийн барилга, дотоод засвар тохижилтонд хөрөнгө оруулалтуудыг оруулсан байна.
“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын худалдан авалтын менежер Г.Лхагвасүрэн энэ үеэр “Дэлхийн зөн олон улсын байгууллагыг хүмүүс их баян гэж ойлгодог. Бид харилцагчдын бүтээгдэхүүнийг худалдан авч, тусламж шаардлагатай хүүхэд багачууд, айл өрхөд хүргэдэг учраас тэгж боддог бололтой. Үнэндээ манай байгууллагын санхүүжилт сайн дурын үндсэн дээр хандиваар цугласан хуримтлалаас бүрддэг.
Жишээ нь, Дэлхийн Зөн Солонгос олон улсын байгууллагын санхүүжилт олон сая хүний сэтгэлээс бүрддэг. Тус улсын урлаг соёлын одод сайн санааны үйлсэд нэгдэн 24 цагийн турш урлаг соёлын тоглолтоо томоохон стадионд зохион байгуулдаг бөгөөд энэ тоглолтыг үзэж сонирхох тасалбар хандивын дансанд орно. Хамгийн гол нь тоглолтод оролцогчид 24 цагийн мацаг баридаг бөгөөд хүүхэд залуучууд өөрсдийн хүсэлтээр энэхүү арга хэмжээнд сайн дураараа оролцдог юм. Мөн нэг өдөрт зарцуулдаг зардлаа хандивласнаар дэлхийн улс орнуудад амьдарч байгаа өнчин, ядуу, өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхэд багачуудад хандивладаг байна. Хэдийгээр хүүхдийг мацаг бариулахыг зөвшөөрч болохгүй ч тэд ядарч зовж байгаа дэлхийн өнцөг булан бүрт байгаа үе тэнгийнхэндээ тусалж байгаадаа баяртай байдаг юм билээ.
Монгол улсын хувьд одоогоор Дэлхийн зөнгийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ч ирээдүйд дэлхийн улс орнуудад амьдарч байгаа өнчин ядуу, өвдөж зовсон хүүхдүүдэд тусладаг болох цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байдаг” гэв.
Тус байгууллага гэрэлт ирээдүй болсон хүүхэд бүрийг ирээдүйн хүнлэг энэрэнгүй,ардчилсан иргэний нийгэмд хөтлөн аваачих чин хүсэлтэй гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм. Уулзалтын үеэр “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын дэргэд “Хөх тэнгэрийн хүүхдүүд” хамтлагийн багачууд оролцогчдод өөрсдийн уран бүтээлээ сонирхуулав. Мөн таваас дээш жил хамтран ажилласан байгууллага аж ахуйн нэгжүүдийг алдаршууллаа. Шилдэг хамтран ажилладаг байгууллагаар “Мөнх ногоон тал” ХХК, “Азричи” ХХК, “Аргасун мюзик” ХХК, “Анун” ХХК, “Есүүдийн батууд” ХХК тус тус шалгарав.
П.Наран Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ