
Монгол Улс Япон улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд явагдаж буй айлчлалаар манай улсын төлөөлөгчид олон асуудлыг тус улстай хэлэлцэн, тохиролцож байна. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монгол улсын эдийн засагт нааштай олон асуудлыг эхлүүлж байгаагийн нэг нь Японы "Мициү" компани “Эрдэс Тавантолгой” төрийн өмчит компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан явдал байлаа.
"Мициү" компани нь Монголд дулааны цахилгаан станц барих, гангийн үйлдвэр байгуулахад оролцох санал тавьсан бөгөөд энэхүү санамж бичгийг байгуулснаар Тавантолгойн коксжих нүүрсийг худалдах, худалдан авах асуудал дээр хамтран ажиллах боломжтой болж байгаа ажээ. Ингэснээр “Эрдэс Тавантолгой” компани нүүрсний салбарт гуравдагч оронтой хамтран ажиллах, зах зээлээ өргөтгөх боломж бодитоор бий болж байна.
Мөн "Мициү" компани нь одоо ч Зүүн цанхийн уурхайгаас олборлож буй нүүрсний тодорхой хувийг Хятадын компаниас худалдан авдаг учир дээрх гэрээг хийснээр шууд авах боломж нээгдэж байгаа юм. Харин хэрхэн нүүрсийг тээвэрлэх нь дараагийн асуудал болох юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ