Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр:
-Афганистан улсад нөхцөл байдал ер нь ямар байгаа вэ?
-Нөхцөл байдал амаргүй байгаа гэдгийг хэвлэл мэдээллээр мэдээлэгдэж байна. Энхийг сахиулна гэдэг маань өөрөө тухайн улс орны нөхцөл, байдал, иргэний дайн самуун гадны өдөөн хатгалтыг таслан зогсоож байгаа хэрэг юм. Монголын зэвсэгт хүчин олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, дэлхийн халуун цэг болсн Афганистан улсад манай цэрэг, АНУ, ХБНГУ-ын цэргийн бүрэлдэхүүнтэй хамтарсан үүрэг гүйцэтгэнэ. Өнөөдөр АНУ-ын хамтарсан үүрэг гүйцэтгэсэн энхийг гүйцэтгэгчтэй солигдож байна.
-Дэлхийн халуун цэг рүү цэрэг дайчдаа үдэж байгаа нь Батлан хамгаалахын сайдын хувьд хүүгээ үдсэнтэй адил боловуу. Таны бодол.
-Эх орны даалгавраар цэрэг хүн тушаал аваад үүргээ биелүүлнэ гэдэг нэг талаараа хэцүү шүү дээ. Ар гэрээ, үр хүүхдээ орхиод явахад ард үлдсэн хүмүүс хамгийн хүнд ачааг үүрдэг. Миний хувьд өөрөө цэргийн гэр бүлд төрж, өссөн болохоор хүнд хэцүүг нь мэднэ. Батлан хамгаалах яам энд үлдэж байгаа ар гэр , үр хүүхдэд нь онцгой анхаарал хандуулна гэдгийг хэлэхийг хүсч байна.
-Удахгүй цэргийн баяр болох гэж байна. Үе үеийн цэрэг дайчиддаа хандаж хэлэх үг?
-Эр цэрэг байна гэдэг бол бахархалтай үйлс. Эх орноо батлан хамгаалахад хувь нэмрээ оруулна гэдэг иргэн хүний, эр хүний үндсэн үүрэг. Яруу алдарт, түүхт Зэвсэгт хүчний 91 жилийн ой болох гэж байна. Нийт монголын эрчүүддээ, цэргийн алба хаасан залуучууд, бэлтгэл офицерууд, бүх генералууддаа, өнөөдөр албаа гүйцэтгэж байгаа байлдагч, ахлагч бүгдэд нь баярын мэнд хүргэе. Монгол цэргийн нэр хүнд дотооддоо төдийгүй дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгаа. Өнөөдөр монгол улс дэлхийн хэмжээнд НҮБ-ын түвшинд цэрэг илгээдэг топ 20 орны тоонд орсон гэдгийг хэлмээр байна.
Афганистан улсад үүрэг гүйцэтгэх энэ удаагийн цэргийн багт Зэвсэгт хүчний 25 анги, байгууллагын 130 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа аж. Цэргийн багийн бүрэлдэхүүний 70 орчим хувь нь “Иракийн эрх чөлөө” ажиллагаа, Сьерра Леон улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, “Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээн дэх артиллерийн сургалтын хөдөлгөөнт багт , Косово Улс дахь “KFOR” ажиллагаа, Чад дахь НҮБ-ын ЭСА зэрэгт өмнө нь үүрэг гүйцэтгэж байжээ.
Цэрэг дайчдыг үдэх ёслолын үеэр Чингис хаан нисэх буудал дээр тэдний ар гэрийнхэн Чингис хаан нисэх буудлын дэргэд цай сүүнийхээ дээжийг өргөн зогсож байсан юм.
Танай гэр бүлийн хүн энхийг сахиулахаар явж байна уу?
-Миний дүүгийн нөхөр явж байгаа. Дүү маань анх удаа энхийг сахиулах үүрэг хүлээн Афганистан улсыг зорьж байна.
-Юу гэж захимаар байна.
-Анх удаа явж байгаа болохоор санаа зоволгүй яахав. Охин нь жаахан байна. Мэдээж хүний нутагт очиж байгаа болохоор сайн яваад ирээрэй л гэж хэлмээр байна.
-Миний дүү хэдэн настай вэ?
-12.
-Дүүтэйгээ иржээ. Аав нь явж байгаа юм уу?
-Тийм.
-Аавыгаа хэр санах бол?
-Зөндөө санана. Гэхдээ ааваараа маш их бахархаж байна. Миний аав мундаг.
-Танай гэр бүлийн хүн явж байна уу?
-Тийм нөхөр маань хоёрдох удаагаа явж байна. Удахгүй төрнө, ирэхэд нь шинэ хүнтэйгээ баяр хөөрөөр дүүрэн угтана даа.
-Санаа зовж байна уу?
-Нэгэнт цэргийн хүн. Үүргээ биелүүлж байгаа болохоор сайн яваад ирээрэй гэж хэлэх байна. Сэтгэгдэл өндөр байна. Хол явж байгаа хүнийг өөдрөг сэтгэлээр л үдэж зогсоно.
Афганистан улсын ард иргэдийн амгалан тайван амьдралын төлөө Монгол улсын дайчин эрс энхийг сахиулах үүрэг гүйцэтгэхээр ийнхүү алсыг зорилоо. Хүний газар нэрээ бодож, эр цэргийн тангаргаа үнэнчээр биелүүлээд ирэх тэр өдөр Чингис хаан нисэх буудалд эргэн уулзахын ерөөл тавья.
П.Наран
Уншиж байна |