“Иргэний танхим” “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд” хөдөлгөөнтэй хамтарч ажиллана

img

Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Иргэний танхим” “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд” хөдөлгөөнтэй хамтарч ажиллахаар болсон байна.   Талуудыг төлөөлж Хан-уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэг, “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд” хөдөлгөөний тэргүүн Р.Бурмаа нар хамтарч ажиллах санамж бичгийг үзэглэжээ.   Хоёр тал иргэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг дээшлүүлж, тэдний чадавхийг бэхжүүлэх замаар Хан-уул дүүргийн “Иргэний танхим-“ын үйл ажиллагааг тогтмолжуулах зорилгын хүрээнд хамтран ажиллахаар болжээ.   Дүүргийн ИТХ болон “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн” энэхүү санамж бичгийн хүрээнд судалгааны чиглэлээр ИТХ-ын дэг, ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэй уулзах журам болон “Иргэний танхим”-ын журам зэрэгт сайн засаглалын гол шалгуур болох нээлттэй байдал, хариуцлага, оролцоог хэрхэн хангасан тал дээр судалгаа хийж санал боловсруулах аж.   Мөн сургалтын чиглэлээр төрийн байгууллагын удирдах баг болон ажилтнуудын дунд “ИТХ-ын нээлттэй, хариуцлагатай байдал болон иргэдийн оролцоо” сэдвээр сургалт зохион байгуулах, Иргэний нийгмийн байгууллагууд, иргэдэд зориулсан “Олон нийтийг идэвхжүүлэх нь” сэдэвт цуврал сургалт, Иргэний танхимын ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтуудыг тэдний сургалтын хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулахаар болжээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ