18 хүртэлх насны бүх хүүхдийн бие бялдрын хөгжлийг үнэлнэ

img

Монгол улсын 0-18 хүртэлх насны бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг үнэлэн эрүүлжүүлэх зорилгоор “Эрүүл хүүхэд аян”-ыг энэ сарын 19-нд орон даяар өрнүүлнэ. Өнөөдөр тус аяны талаар Эрүүл мэндийн яаманд дэлгэрэнгүй мэдээллийг хийлээ.  Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Ш.Энхтөр, “Эрүүл хүүхэд” аяны ажлын албаны дарга болон тус яамны холбогдох албаныхан оролцов. Аяныг хоёр үе шаттайгаар III-VI  дугаар сард өрнүүлэх бөгөөд 0-5, 5-11, 11-18 насны ангилалаар явуулах аж. Ингэхдээ сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг дээр хүүхдийн эмч нарын баг ажиллаж үзлэг хийх аж. Эхний шатанд нийт хүүхдүүдийн эрүүл мэндийн ерөнхий байдал, өвчлөлийн талаар тандалт судалгаа хийж, монгол хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийг авна. Хоёрдугаар шатанд хүүхдүүдийн суурь өвчнийг оношлох, эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай хүүхэд багачуудыг эрүүлжүүлэх зэрэг арга хэмжээ авах аж. Түүнчлэн сургууль цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн судалгааг БСШУ-ны яамтай хамтран гаргах бөгөөд хүүхэд бүрийн эрүүл мэндийн асуудлыг чухалчилан үзнэ гэдгийг албаныхан мэдэгдэж байна. 2010 оны байдлаар манай улсын нийт хүн амын 36.1 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 12.1 хувь нь 19-24 насны залуучууд байжээ. Эрүүл мэндийн бүртгэлийн мэдээгээр 10 мянган хүүхдэд оногдох өвчлөл нялхасын хувьд 48.5, 1-4 хүртэлх насанд 72.3, 5-15 насанд 126.7, 16-49 насанд 66.8 хувь өвчилсөн баримт байна.  Өсвөр насны хүүхдийн өвчлөлд амьсгал, хоол боловсруулах болон шээс бэлгийн тогтолцооны өвчин эмгэгүүд дийлэнх тохиолдлыг эзэлж, 10-19 насны хүүхдийн дунд өвчлөл 10 мянган хүүхэд тутамд 65.1 хувийг эзэлж байгаа аж. Мөн өсвөр үеийнхний 74.3 хувь нь ямар нэг өвчтэй буюу шүд цооролт, буйлны үрэвсэл, чих хамар хоолой, харшлын болон ходоод гэдэсний өвчнүүд давамгайлж байгаа бол гэнэтийн осол гэмтэл, цочмог хордолт насанд хүрэгчдийнхээс дахин илүү байдгийг ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр хэллээ. Иймд “Эрүүл хүүхэд” аяны үеэр хүрээнд  18 хүртэлх насны бүх хүүхдэд дотор, амны хөндий, нүд, чих, хамар хоолойн үзлэг хийж, биеийн жин өндрийг тогтоож, бие бялдрын хөгжлийг үнэлэх юм. Тиймээс эцэг эхчүүд хуваарийн дагуу хүүхдээ эмнэлэгт үзүүлэх, боловсролын байгууллагууд сурагчдаа бүрэн хамруулах шаардлагатай. Хэрэв хуваарьт өдрүүдэд өрхийн эмнэлэгтээ хүүхдээ үзүүлж амжаагүй бол дүүргийн нэгдсэн эмнэлэг болон гуравдагч шатлалын эмнэлэгт хандах хэрэгтэй гэдгийг Эрүүл мэндийн яамны зүгээс мэдэгдлээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Самдандэмбэрэл:
Койно
2024-04-17
eej:
mash sain bn. hvvhdiin toloo za gej heltsgeey
2012-03-16
BC:
mash sain xeregtei arga xemjee baina. amjilt xusie.
2012-03-15
eej:
mash sain bn. hvvhdiin toloo za gej heltsgeey