
2011 оны долоодугаар сарын нэгнээс эхлээд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨҮК-ийн байцаагч нар иргэдээс тогныхоо мөнгийг хураахын зэрэгцээ хогны мөнгийг давхар авах болсон. Ингэснээрээ нийслэл хотод амьдарч байгаа 180.000 айл хогныхоо мөнгийг бүрэн өгдөг болсон гэж албаныхан мэдээлж байна.
2011 оны долоо дугаар сараас өмнө нь 60 сая төгрөгийг иргэдээс авдаг байсан бол тогнынх нь мөнгөтэй хамтатгаад авсанаас хойш 200 сая төгрөг иргэдийн халааснаас орж ирдэг. Байнга мөнгө төгрөггүй гэдэг “Тохижилт үйлчилгээний компани”-ууд иргэдээс хогны мөнгөө авчихаад харин өөрсдөө сураг нь алдарчээ. Үнсэн дотроо бужигнаж хогтойгоо хөглөрч байгаа иргэд хогныхоо машины барааг хараагүй бараг хагас жил болж байна.
Хогны машинд 1.8 тэрбумыг зарцуулсан
2010 онд татвар төлөгчдийн 1.8 тэрбум төгрөг хятадаас оруулж ирээд жил ч болохгүй эвдэрч, ашиглалтаас гарсан хогны машинд зарцуулагджээ. Харин үүнд албаныхан хариуцлага хүлээхгүй, хотын иргэд хогондоо дарагдаж дарга нарын хуудуутай явдлын балгаар хэлмэгдэж байна. Жил болохгүй нам зогсоон хятадын “Донкпек” гэх цэнхэр өнгөтэй хогны машины нэг бүрийнх нь үнэ нь 25 сая төгрөг. Яг ийм төрлийн ижил үнэтэй 72 хог ачих зориулалттай авто машиныг 2010 онд дүүргүүдэд тарааж ашиглуулжээ. Үнэ нь ахадсан эдгээр авто машинууд жил ч хүрэхгүй эвдрээд ТҮК-ийн хашааны новш болоод хувирчихаж.
Зөвхөн нэг дүүргээр жишээ татая. БГД-ийн ТҮК-ийн авто аж ахуй хариуцсан дарга Д.Уртнасангийн мэдээлсэнээр бол тус компанид 25 хогны автомашин бий. Энэ дүүргийн хувьд дөнгөж тал хувь нь буюу 15 нь хогоо ачихаар өдөрт гардаг. Харин үлдэж байгаа эвдэрхий машинууд нь нөгөөх алдартай жил хүрэхгүй эвдэрдэг цэнхэр машинууд гэнэ. Ер нь ТҮК-үүдийн байдал хүнд байгаа гэж тэд гомдоллож байна. Хотын төвийн дүүргийн тохижилт үйлчилгээний компаниуд бүгд хувьд гарсан. Хот хогондоо дарагдаж байгаа иргэдийн буруу биш харин дарга нарын балаг. Тэгэхээр хотын хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа хогийг ачих талаар хогны машин хүрэлцээ муутай гэдгээр дарга нар нь өөрсдийгөө хаацайлдаг. Хэний ямар шахалтаар жил болохгүй тараа таниулаад эвдэрч засч янзалж болдоггүй тээврийн хэрэгсэл авсан нь асуудлыг гол болоод байна. Хамгийн гол нь хотын иргэд хогондоо хөглөрч уцаартай амьдарч байгаа нь гудамжинд гараад харахад ил.
Хавар боллоо хог хийслээ
Эвдэрсэн машиныг нь сэлбэж янзалж ч болдоггүй, ховор бүтээгдэхүүн оруулж ирэн төсвийн мөнгийг дээрэмдсэн энэ ичгэвтэртэй үйлдэлд хариуцлага хүлээх хүн өнөөдөр алга. Муу машин худалдан авч байгаа эхний асуудлаа шийдээгүй байж, ахин 10 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй 163 авто машин авах гэнэ. Гэвч хаанаас хэн, хэдэн жилийн настай машин оруулж ирэх гэж байгаа нь тодорхойгүй. Үүнд хяналт тавьж байгаа ч төрийнхөн алга байна.
Төсвийн мөнгийг чанаргүй бараа бүтээгдэхүүнд зараад гарын салаагаараа урсгаад байхад нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болоод хууль шүүхийн байгууллагууд үл тооно. Татвар төлөгчдийн 1.8 тэрбум орчим төгрөгийг хэнд ч хэрэггүй төмөр болгож хувиргасныг төрийн хяналт шалгалтын байгууллагууд жижиг гэж голохгүй хотын хогны асуудлыг тойрсон машин, мөнгө хураалтыг шалгаад үзэхэд нэг буруутахгүй болов уу.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ