Ази-номхон далайн орнуудын тээврийн сайд нар чууллаа

img

Тайландын Бангкок хотноо энэ сарын 12-16-ны өдрүүдэд НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны комиссоос зохион байгуулсан гишүүн орнуудын тээврийн сайд нарын дээд хэмжээний чуулган болж өндөрлөв. Чуулганд 30 гаруй орны төлөөлөгч оролцсон бөгөөд хэмнэлттэй, холимог тээврийн сүлжээг тогтвортой хөгжүүлэх, үүнд бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв.   Уг чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж, тус яамны ахлах мэргэжилтэн Х.Ганболд, Төмөр замын газрын дарга Т.Батболд нар оролцож, Монгол Улсын автозам, төмөр замын хөгжлийн өнөөгийн байдал, хөгжлийн цаашдын чиг хандлагын талаар танилцуулга хийв.   Чуулганы хүрээнд 2006 онд гишүүн орнуудын тээврийн сайд нарын чуулганаар баталсан Бусаны тунхагын хүрээнд хэрэгжүүлж байгаа Тээврийг хөгжүүлэх бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн эхний үе шатны хэрэгжилтийг дүгнэж, дараагийн үе шат буюу 2012-2016 он хүртэлх хөтөлбөрийг баталлаа.   Тээврийн сайд нарын чуулганд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны зүгээс чуулганд оролцогчидод хандан “Ази-номхон далайн бүс нутагт тогтвортой, үр ашигтай, хэмнэлттэй тээврийн сүлжээ байгуулахын ач холбогдол” сэдвээр илгээлт ирүүлсэн байна.   Чуулганд оролцогчид Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд тээврийн зардлыг бууруулах, гишүүн орнуудыг автозам, төмөр замаар бүрэн холбохын ач холбогдлыг онцлоод Азийн автозамын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээг бүрэн барьж ашиглалтад оруулах, дамжин өнгөрөх тээврийг хөнгөвчлөх, үүнтэй холбоотойгоор хил, гаалийн бүрдүүлэлтийг богино хугацаанд, нэгдсэн ойлголцлын дагуу хийж гүйцэтгэдэг болох ажиллагааг эрчимжүүлэхийг гишүүн орнуудын Засгийн газруудад уриалав.   Автозамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хэлэлцсэн нь мөн чуулганы нэг гол сэдэв байлаа. Жил бүр дэлхийн хэмжээнд 1.3 сая хүн зам, тээврийн ослоор амь насаа алдаж байгааг онцлоод, уг тоог бууруулах, энэ зорилгоор хамтын ажиллагааны чухлыг дурдлаа. Автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор гишүүн орнуудын зүгээс гаргасан сурталчилгааны зурагт хуудасны үзэсгэлэн хурлын үеэр гаргаж олон нийтэд танилцууллаа.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ