МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор П.Одгэрэлтэй хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд болсон Цагдаагийн удирдлагуудтай холбоотой шүүх хурлын талаар ярилцлаа.
-Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна болсон үйл явдлыг та харсан байх. Тухайн үед шүүгчийг хамгаалахаар Цагдаагийн албан хаагчид өчүүхэн ч хөдлөөгүй. Цагдаа, шүүхийн харилцааны ийм зөрчил бусад улс оронд гарч байсан болов уу?
-Цагдаагийн ажилтнуудтай холбоотой хэргийн шүүх хуралдааныг явцтай холбоотой асуудалд хуульч, судлаач хүний хувьд аль нэг талыг нь дэмжмээргүй байгаа ч шүүхийг өмөөрч цагдаагийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах хэд хэдэн үндэслэл байна. Монголын шүүгчдийн холбооноос Цагдаагийн байгууллага шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцлөөр хангах, болон шүүхээс гаргасан цагдан хорих шийдвэрийг гүйцэтгэх хууль ёсны чиг үүргээ биелүүлээгүй хэмээн мэдэгдэл гаргасан. Цагдаагийн байгууллагын энэхүү үйлдлээс нийгэмд таагүй уур амьсгал үүсч байна. Тухайлбал төрийн байгууллагуудын хоорондын зөрчлийн улмаас ард түмний дунд төрийн буюу шүүх, цагдаагийн байгууллагын нэр хүнд унаж байна. Хууль, шүүхийн шийдвэр нь цагдаагийн даргад үйлчилдэггүй болохыг харуулж, шүүх хуралдаанд саад болсноор цагдаагийн дарга нар буруутай байх гэсэн таамгийг улам баталгаажууллаа. Шүүхийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагаас нөлөөлөх оролдлого хийсэн нь ардчилсан эрх зүйт тогтолцоотой улсад байж боломгүй ноцтой үзэгдэл. Шүүх эрх мэдлийг Засгийн газраас хараат бус байхыг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Гэтэл цагдаагийн ажилтнуудын хэргийн шүүх хуралдааныг хараад манай улсад хараат бус шүүх орших нөхцөлгүй гэдэг нь харагдлаа. Шүүхийг хамгаалах ёстой төрийн хууль сахиулах байгууллага өөрөө шүүх рүүгээ дайрч давшилж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй гэж байгаа нь үүний нотолгоо. Бусад улсын хувьд цагдаа нь шүүхийнхээ эсрэг ажилласан тохиолдлыг би мэдэхгүй юм байна. Тэгээд ч орчин үеийн нийгэмд үүнийг ойлгож хүлээж авахгүй л дээ. Энэ үйл явдлаас харахад монгол улсцагдаагийн төртэй, хууль, шүүх нь цагдаагийн хяналтад байдаг гэж харагдахаар байна.
-Цагдаа шүүх эрх мэдэлд халдлаа гээд байгаа. Үнэхээр халдсан бол шалгаж тогтоож, хариуцлага хүлээлгэж болдоггүй юм уу?
-Бололгүй яахав. Төрийн албан хаагчийн хууль зөрчсөн үйлдэлд захиргааны, гэмт хэргийн шинжийг агуулж буй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуульд шүүн таслах үйл ажиллагаанд албан тушаалтан санаатайгаар саад учруулах, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх гэсэн зүйл бий. Тийм учраас шүүх эрх мэдэлд халдлаа гэж хоосон ярих биш хуулийн хүрээнд шалгаж тогтоох нь зөв. Тэгэхгүй бол цагдаагийн байгууллагад итгэх олон нийтийн итгэл алдрана. Нөгөө талаар цагдаагийн байгууллага алдаагаа цаашид давтахгүй гэх баталгаа байхгүй.
-Үүнийг хэн шалгах ёстой вэ?
-Шүүх, цагдаа зэрэг хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгах чиг үүрэгтэй. Одоо шалгалт эхэлсэн байлгүй дээ.
-Холбогдох албаны хүмүүс цагдаа шүүхийг хамгаалж байсан гэж бас мэдэгдээд байгаа.
-Телевизээр бүх хүн харсан шүү дээ. Хэн хамгаалсан, хэн хамгаалаагүйн талаар холбогдох албаныхан ярьсан. Энд эргэлзээ байхгүй. Хамгийн гол нь энэ мэт илт, олны нүдэн дээр болсон асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яамны эрх бүхий албан тушаалтан өөрөөр тайлбарлаж байгаа нь болсон үзэгдлийг улам дэмжиж, дэвэргэж байгаа гэж ойлгогдохоор байна. Цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тодорхой байхад тухайн салбарыг хариуцсан Яам уг байдалд дүгнэлт хийж, хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй.
-Буруу зүйлчилсэн гэж зарим нэг хуульч, эрх бүхий албан тушаалтан яриад байна.
-Би эрүүгийн эрх зүйн хүн биш болохоор нарийн зүйлийг хэлж мэдэхгүй ч генерал цол нь цэргийн цол. Ерөнхийлөгчөөс олгодог, мөн байлдааны буу зэвсгийг цэргийн тодорхой дүрэм журмын дагуу хэрэглэдэг зэрэг тодорхой үндэслэл бий. Тухайн тохиолдолд ямар хуулийн заалт хэрэглэхийг шүүхээс эцэслэн шийднэ. Харин захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан тодорхой хэргийн талаар байр сууриа ашиглан мэдэгдэл хийх нь шүүхэд нөлөөлөх оролдого хэмээн ойлгогдож байна. Тэгээд ч энэ нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй туйлын хариуцлагагүй үйлдэл болохыг саяхан болсон цагдаагийн байгууллагын үйлдэл баталлаа.
-Шүүх нэг талыг барьж, яллах гээд байна гэсэн яриа гарсан. Та энэ талаар юу хэлмээр байна.
-Шүүх нэг талыг барьсан гэдэг нь цэвэр хардлага. Шүүхээс гарах шийдвэрийг урьдчилан хэлэх боломжгүй. Хэрэв цагдаагийн ажилтнууд буруугүй бол шүүхээс л үүнийг тогтооно. Иймд шүүхийг хэвийн ажиллах нөхцлөөр нь хангах хэрэгтэй. Энэ хэргийн тухайд хүн буудсан нь үнэн. Үхсэн нь бас үнэн болохоор гэм буруутныг олж тогтоох ёстой гэсэн хүлээлт нийгэмд үүсчихээд байна.
-Дараагийн шүүх хурлаас өмнө хууль зүйн хувьд ямар арга хэмжээ авбал зохистой вэ?
-Шүүх хурал дахин болох нь эргэлзээгүй. Харин шүүх хурлын тасралтгүй, хараат бусаар явуулах нөхцөлийг бүрдүүлэх талаар хуулиар үүрэг хүлээсэн байгууллага нь онцгой анхаарч ажиллах байх. Хуулийн хэрэгжилтийг хангах ажиллагааг тухайн салбарын захиргааны байгууллагууд шат шатандаа зохион байгуулж, шүүхээс зааварчилгаа өгч, хариуцах эзэнтэй нь тулж ажиллах болов уу.
-
Хэн хамгаалах болж байна.
-Мэдээж цагдаа. Үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээх ёстой.
-Өмнөх шүүх хурлын үеэр цагдаагийн хамгаалалт аваагүй гэсэн үг үү
-Шүүгчдийн холбооны мэдэгдэл, зурагт, сонин хэвлэлээс харахад миний ойлгосноор аваагүй байх. Тийм ч учраас шүүх хурал руу иргэд болон цагдаа нар өөрсдөө дайрч орсон гээ биз дээ. Ний нуугүй хэлэхэд цагдаа нарын энэ үйлдэл хэрээс хэтэрсэн. Хууль биелүүлдэггүй, улс төржсөн цагдаа ард түмнийхээ аюулгүй байдлыг хамгаалж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Мэдээж цагдаагийн байгууллагад байгаа тодорхой хэсгийн тухай энэ асуудал, ялангуяа удирдлагын түвшинд шинэчлэлт хийх шаардлагатай байгааг харуулж байна.
-Өмнөх шүүх хурлын үйл ажиллагаанд саад учруулсан хэрэгт хэн буруутай вэ?
-Цагдаагийн байгууллагын удирдлага хариуцлага хүлээх ёстой. Шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж чадахгүйд хүрвэл улс төрийн хариуцлага тооцохоос өөр аргагүй болно. Үндсэн хуульд хууль хэрэгжүүлэх ажлыг УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцахаар маш тодорхой зааж өгсөн байгаа. Иймд ерөнхий сайд тухайн салбарыг хариуцсан яамны сайд, агентлагийн дарга зэрэг албан тушаалтнуудтайгаа хариуцлага ярина гэдэгт итгэлтэй байна.
П.Наран