
Азийн хөгжлийн банкны төлөөлөгч нар өнөөдөр 10.00 Нийтийн тээврийн газрын даргатай уулзана. Энэ үеэр шинэ тээврийн төрөл буюу тусгай замын автобусны асуудлаар ярилцах аж.
Дашрамд дуулгахад, нийслэлийн замыг зүүнээс баруун, босоо, тойрог гэсэн гурван хэсэгт хувааж судалгаа хийж, ямар төрлийн унаагаар нийтэд үйлчлэх тухай холбогдох албаныхан ярилцсан юм. Албаныхан метро, хөнгөн төмөр зам, тусгай замын автобус гэсэн гурван чиглэлээр судалж өртөг багатай, богино хугацаанд байгуулж болох нь гуравдугаар хувилбар хэмээн тогтсон.
Тодруулбал, нэг км метро барихад 45-100 сая доллар шаардаж, хамгийн багадаа нэг шугамд арван жил зарцуулдаг аж. Харин тусгай замын автобусны нэг шугам барихад дунджаар 1,8 жил л зарцуулах аж. Үнийн хувьд метрогоор нэг удаа зорчиход 1580 төгрөг байх бол тусгай замын автобус одоогийн ханшаар үйлчлэх боломжтой аж. Үүнээс гадна дуу чимээ багатай, багтаамж сайтай байдгаараа давуу талтай юм байна.
Азийн хөгжлийн банкны төсөлд тусгаснаар эхний ээлжинд 300 сая долларын хөрөнгө оруулалтыг хийх бөгөөд тусгай шугам тавих, зогсоол хийх, электрон картын системийг нэвтрүүлэх гээд хэрэгцээтэй зардлууд багтжээ. Харин электрон карт бий болгоход шаардагдах хөрөнгийг буцалтгүй тусламжаар тус банкнаас гаргаж, тусгай зам ашиглалтад ороход ямар нэгэн саадгүй ажиллаж байхаар зохицуулах юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ