
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах” сэдэвт семинар өнөөдөр эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Шимизү Такэнори нар оролцлоо.
Уг семинарт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Японы Элчин сайдын яам, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 130 гаруй оролцогч хамрагдаж байна.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь, үүнээс хүн ам, нийгэм, соёлын байгууламж ихээр төвлөрсөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд газар хөдлөлтийн 7-гоос дээш баллын эрчимтэй нутаг дэвсгэрт байршиж байгаа нь газар хөдлөлтийн гамшгаас үүсэх хор уршгийг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтаар 242 сургууль, 251 цэцэрлэг, 161 эмнэлэг, нийтийн орон сууцны 260 гаруй барилга газар хөдлөлтийн арга хэмжээ авагдаагүй баригдсан нь тогтоогдсон, нэн даруй буулгах шаардлагатай 17, дахин төлөвлөлтөд оруулах 25 орон сууцны барилга байгаа судалгаа гаргасан.
Онцгой байдлын ерөнхий газар Дорнод, Баян-Өлгий, Хөвсгөл, Орхон, Баянхонгор, Дорноговь зэрэг долоон аймагт гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж, аймаг, сумын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллагаа, болзошгүй гамшгийн үед орон нутгийн удирдлага бие даан ажиллах чадавхийг сайжруулах дадлага сургалт явуулж, нийт 3000 гаруй төрийн албан хаагч оролцжээ.
ОБЕГ-ын дэргэд Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулж, онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн, мэргэжлийн ангиудын ур чадварыг сайжруулах, аврах, эрэн хайх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чиглэлээр тусгайлсан сургалт явуулж, эхэлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ