
Монгол хүн сансарт ниссэний 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт “Союз-39” хөлгөөр хөөрч байжээ.
Тиймээс энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд өнөөдөр олон арга хэмжээг зохион байгуулах гэж байгаагийн нэг нь Тусгаар тогтнолын ордонд 14.00 цагт сансрын нислэгтэй холбоотой эрдэм шинжилгээний бага хурал болох юм байна.
Мөн сансрын судалгааны асуудалд түүхэн баримт дээрээ тулгуурлан орчин үеийн онол танин мэдэхүйг нийт иргэд болон ялангуяа залуу үедээ судалж, сурталчлахад нь туслах байгууллага бий болгохоор Шинжлэх ухааны академийн Одон орон судалгааны төвийн дэргэд Сансар судлал, палентлогийн барилга барьж байгаа ба энэ оны хоёрдугаар улиралд дуусгах юм байна. Үүнд, тодорхой сурталчилгаа, үзмэр, музей, судалгааны ажлууд явагдах бөгөөд үүнийг ерөнхийд нь Монгол Улсын сансрын нисгэгч, Монгол Улсын болоод ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа гуай ахалж, хариуцан ажиллаж байгаа аж.
Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сансрын цогцолбор хотхон байгуулахаар яригдаж байгаа бөгөөд ойрын үед тендер зарлан монгол хүн сансраас бууж ирсэн өдөр шав тавих ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Л.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ