
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон Люксембургийн Их Гүнт Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Карло Крейгерыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд дэд сайд Ж.Цолмон эрүүл мэндийн яаман дээр хүрэлцэн ирсэн ноён Элчин сайдад талархаж, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа эрчимтэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Карло Крейгер Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Зүрх судас болон эх нярайн тусламж үйлчилгээнд алсын зайн анагаах ухааныг нэвтрүүлэх төслийн хоёр үе шат амжилттай хэрэгжиж дууссаныг онцлон тэмдэглэв. Мөн III дахь шатны төслийн албан ёсны нээлтийг Зүрх судасны үндэсний конференцийн үеэр буюу ирэх зургадугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөж байгааг мэдэгдэв.
Мөн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэж өгөхийг дэд сайд Ж.Цолмонгоос хүслээ. Үүнд: төслийг хэрэгжүүлж байгаа эмнэлгүүдэд интернетийн хүчин чадал муу, хурд удаан байгаа нь төслийн хэрэгжилтэнд муугаар нөлөөлж байгаа болон эмнэлгүүдэд суурилуулсан машин, тоног төхөөрөмжийн эргэн тойрны жижиг барилга засварын ажлыг хийх зардлыг шийдвэрлэх асуудлуудыг ярилцлаа.
Дашрамд дуулгахад, Зүрх судасны төв төсөл 2001-2007 онд эхний үе шатандаа хэрэгжиж, Монгол Улсын анхны телемедицины сүлжээг үүсгэн П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг хамруулан орон нутгийн оношлогоо эмчилгээг сайжруулсан аж.
2007-2010 онд төслийн хоёрдугаар шатанд Люксембургийн Засгийн газраас 2 341 300 еврог Зүрх судасны төв төслийг үргэлжлүүлэхэд, мөн 1 236 914 ам долларыг эх барих эмэгтэйчүүдийн салбарт олон талт хамтын ажиллагааны гэрээгээр алсын зайн анагаах ухааныг салбарлуулан хөгжүүлэхээр буцалтгүй тусламжаар олгосон.
Одоогоор зүрх судас болон эх нярайн чиглэлээр Ховд, Дорнод, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл болон Дорноговь аймгуудад телемедицин ашигласан хоёр төсөл хэрэгжиж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ